"Эрдэнэт үйлдвэр" 100 хувь Монголын өмч боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ"Эрдэнэт үйлдвэр" ХХК 100 хувь Монголын мэдэлд ирж, Үндэсний компани болсныг зарлаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийн эхэнд "Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдөр сайн мэдээ дуулгана. Зарим сайн мэдээллийг сонгуультай холбож сааруулах, харлуулах магадлалтай байгаа учир өнөөдөр зарлахаар боллоо. Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж, Монголын үйлдвэр болох хэлэлцээр хийснийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ талаар мэдээллийг дөнгөж сая ОХУ-ын Интерфакс мэдээллийн агентлаг мөн зарлаж эхэлсэн. Монгол Улс "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж, ОХУ-ын "Ростек" компани 49 хувийг эзэмшиж ирсэн. Харин энэ 49 хувийг дээрх хэлэлцээрийн үр дүнд Монголын Худалдаа хөгжлийн банк болон "Монголын зэс" компаниуд эзэмшинэ" гэв.
Ингэснээр Монгол Улсын хуулиас дээгүүр, олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж ирсэн "Эрдэнэт" үйлдвэр одоо Монголын хуулиар зохицуулагддаг, Үндэсний аж ахуйн нэгж болж байна. Мөн өмнө нь Монгол Улс 51 хувийн ногдол ашгийг авдаг, 49 хувийг "Ростек" авдаг байсан бол одоо 100 хувь дотооддоо үлдэх боллоо. Үүнээс гадна "Эрдэнэт" үйлдвэрийг дагасан нийгмийн барилга байгууламж бүгд Монгол Улсад шилжиж ирэх, Монросцветмэт хамтарсан үйлдвэр мөн Монголын талд 100 хувь шилжих зэрэг асуудлууд хэлэлцээрт тусжээ.
Хэлэлцээрийг Оросын талын хамгийн өндөр түвшинд шийдвэрлэсэн бөгөөд 49 хувийг эзэмших Монголын компани өөрийн эзэмшлийн хувиа Монгол Улсын Засгийн газраас өөр аль нэг гуравдагч этгээдэд худалдахгүй гэж баримтжуулсан байна. Мөн хэн нэг гуравдагч этгээд энэ асуудалд, санхүүгийн төлбөр тооцоонд оролцохгүй гэдгийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Ерөнхий сайд мэдээллийн төгсгөлд "Үе үеийн Засгийн газрын хүсч тэмүүлж, монголчуудын мөрөөдөж байсан асуудал биеллээ олж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байна. Ямар ч данс хаасан, тамга тэмдэг хураасан зүйл байхгүй. Цаашид ч хэвийн ажиллана гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.
“Эрдэнэт vйлдвэр" ХХК нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. 1978 онд Монгол, Орос хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-орд газар байгуулагдсан. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал