Амьд хөгжмийн “PLAYTIME-2016” наадам эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-06-25 12:33:17

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Playtime-2016” олон улсын амьд хөгжмийн наадам өчигдөр Гацуурт тосгоны "Монгол Шилтгээн"-д цогцолборт эхэллээ. 

“Playtime-2016” наадамд Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид оролцож байна. Түүнчлэн шилдэг 20 гаруй DJ, 50 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид “Playtime”, “Шинэ Давалгаа”, "Нааглихац" тайзаар дамжуулан уран бүтээлээ хүргэж байгаа юм. 

Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой уг наадам энэ жил 15 дахь удаагаа зохиогдож байна. Наадам маргааш буюу энэ сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын хүүхдийн ордноос 09:00 цагаас эхлэн үнэ төлбөргүй автобус үйлчилж байна.

Н.Туяа

Related news