Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 9 байгууллага өдөрлөг зохионо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд ирэх долоо хоногт есөн байгууллага нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үйлчилгээ үзүүлдэг нийлэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүд ажил үйлчилгээгээ танилцуулах зорилгоор энэ сарын 20-ноос зохион нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт 19 байгууллага энэхүү өдөрлөгийг явуулж, иргэдэд үйлчилсэн байна. Харин ирэх долоо хоногт буюу 6 дугаар сарын 27-29-нд Дүнжингарав төвд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Мишээл төвд Нийслэлийн татварын газар, УСУГ, Хан-Уул дүүргийн ЗДТГ, Драгон төвд Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ тус тус нээлттэй өдөрлөг хийхээр хуваарилжээ.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг 382 төрлийн үйлчилгээг иргэд нэг цэгээс авч байгаа. Үйлчилгээтэй холбоотой асуудлаар амаар болон бичгээр нийт 1038 иргэн хандсанаас 77,1 хувь нь талархал, 10,9 хувь нь гомдол ирүүлсэн судалгаа гарчээ.
Н.Туяа