Монголын хөлбөмбөгийн нэгдсэн бэлтгэлийн төвийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-12 07:08:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг болох Баруун Дэлгэрийн аманд байрлах Монголын Хөл бөмбөгийн Холбооны бэлтгэлийн төвийн албан ёсны нээлт баасан гарагт болов.

 

Бэлтгэлийн төвийн нээлтийн ёслолд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, уг бэлтгэлийн төвийн гүйцэтгэх захирал Ш.Отгон-Өлзий нар оролцож үг хэллээ. Мөн МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал , Зөвлөлийн гишүүн Б.Гансүх, М.Амарбаясгалан, Б.Болдбаатар, Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш нар тууз хайчлах ёслолд оролцов. Тус бэлтгэлийн төвийг энэ оны эхний улиралд ашиглалтад оруулсан билээ.


 

Энэ нээлтийн ёслолын үеэр МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Монголын хөлбөмбөгийн 2021-2028 оны Урт хугацааны стратеги хөтөлбөрийн талаар танилцуулсан юм.

 

МХБХ-ны Зөвлөлийн шийдвэр болон Ерөнхийлөгчийн тушаалаар Катар ДАШТ-2022 оны Азийн бүсийн урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо Киргиз улсын шигшээ багтай тоглосон шигшээ багийн тамирчдад 2 сая төгрөг, Үндэсний шигшээ багийн хамтаар ДАШТ-ий урьдчилсан шатны 5-аас дээш тоглолтод тоглосон 7 тоглогчид 500 мянган төгрөгийн урамшуулал олгосон юм байна.

 

Мөн шигшээ багийн албаны хүмүүст дурсгалын зүйлс гардуулж, МХБХ-ны удирдлагуудаас Киргиз улсын шигшээ багийн эсрэг 1:0 харьцаатай хожил байгуулахад амжилттай тоглосон хаалгач Э. Мөнх-Эрдэнэ, хамгаалагч Г.Бат-Оргил, хагас хамгаалагч Х.Цэнд-Аюуш нарт тус тус 500 мянган төгрөгийн урамшуулал олголоо.

 

1993 онд Үндэсний шигшээ баг дахин байгуулагдсанаас хойших 100 дахь гоолыг оруулсан О.Мижиддоржид хөл бөмбөгийн элч төлөөлөгч Г.Ганхүү амласан ёсоороо 1 сая төгрөгөө гардуулсан бол Ганхүүд МХБХ-ноос батламж дурсгав.

 

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нээлтийн үеэр Монголын хөл бөмбөгийн бэлтгэлийн талбайг Монголын хөл бөмбөгийн анхны шигшээ багийн тоглогч, ууган гавьяат дасгалжуулагч, БНМАУ-ын анхны спортын мастер Лувсандоржийн Сандагдоржийн нэрэмжит болгож байгааг сонордуулав. Бэлтгэлийн төвийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн МХБХ-ны Зөвлөлийн гишүүд, Үндэсний шигшээ багийн тамирчид, болон хүндэт зочид тус бүр нэг мод тарьж бэлтгэлийн төвийн өнгө үзэмж, байгаль орчны ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулжээ.



 

Related news