“Colonial Pipeline” компани үйл ажиллагаагаа бүрэн сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-14 12:07:22

НЬЮ-ЙОРК. /TASS/. Энэ сарын 7-нд кибер халдлагад өртсөн АНУ-ын түлш дамжуулах хоолойн томоохон оператор болох Colonial Pipeline компани үйл ажиллагаагаа бүрэн сэргээжээ.  


“Бүх дамжуулах хоолойн системийг дахин ажиллуулж, манай үйлчилгээг авч буй зах зээлд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж эхэллээ” гэж тус компани “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна. Нийлүүлэлтийн сүлжээ хэд хоногийн дараа хэвийн байдалдаа орох бөгөөд тус компани зах зээлийн байдлыг тогтворжуулахын тулд дамжуулах хоолойн системийг бүрэн ачааллахаар төлөвлөж байгаа аж.


“Colonial Pipeline” компанийн системд кибер халдлага өртсөн тухай өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдээлсэн юм. Хакерууд хүссэн мөнгийг нь төлөх хүртэл компьютер дэх нэн чухал хэрэгцээтэй файлуудыг тусгай аргаар шифрлэж, дахин ашиглах боломжгүй болгодог вирусний программ ашиглажээ. Америкийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар хакерууд 100 Гб-ын мэдээлэл хулгайлсан байна.


Техас муж улсаас Нью-Жерси муж улс хүртэл үргэлжилдэг “Colonial Pipeline” компанийн дамжуулах хоолойгоор АНУ-ын Зүүн эргийн эрэгт хэрэглэдэг түлшний (бензин, мазут, керосин) 45 орчим хувийг нийлүүлдэг байна. Нийлүүлэлт тасалдсаны улмаас Флорида муж улсад онцгой байдал зарлаж, зарим муж улсад шатахуун түгээх станцууд үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрчээ.


Related news