DOGE-г татан буулгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-24 15:54:24

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /Reuters/. АНУ-ын засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг (DOGE) татан буулгасан тухай Reuters агентлаг Цагаан ордны хүний нөөцийн албаны дарга Скотт Купор мэдэгдсэнийг эш татан мэдээлжээ.  


DOGE-г АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сард байгуулсан бөгөөд 2026 оны долоодугаар сар хүртэл ажиллах ёстой байсан юм. Тус агентлагийг дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маск тэргүүлж байсан билээ. 


“Ийм агентлаг байхаа больсон” гэж С.Купор DOGE-г татан буулгасан талаар анх удаа олон нийтэд тайлбар хийхдээ мэдэгджээ. Түүний хэлснээр, DOGE нь одоо “төвлөрсөн бүтэц” биш болсон бөгөөд зарим чиг үүргийг нь хүний нөөцийн албанд шилжүүлсэн байна.


Трампын засаг захиргааны төлөөлөгчид DOGE-г татан буулгасан талаар олон нийтэд албан ёсоор мэдэгдээгүй юм. Тус агентлагийг татан буулгасан явдал нь  олон сарын турш олны анхаарлын төвд оруулахыг хичээж ирсэн АНУ-ын засаг захиргааны үйл ажиллагаатай эрс зөрчилдөж байна гэж Reuters дүгнэжээ. Трамп, түүний зөвлөхүүд болон сайд нар DOGE-гийн үйл ажиллагааны талаар нийгмийн сүлжээнд тогтмол мэдээлэл нийтэлж байсан юм.



Related news