Дугуйчид нэгдсэн аялал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-20 15:25:35

“Хотын соёлд бидний оролцоо” дугуйн аяллыг аймгийн Эрүүл мэндийн газар, БОАЖГ хамтран өнгөрсөн амралтын өдөр зохион явууллаа. Аялал Бямба гарагт Нарны алхалтаар эхэлж, Баганат талбайгаас Өлзийт сум хүртэлх 18 км зам үргэлжилсэн байна.

Дугуйн аялалд аймгийн төрийн болон төрийн бус 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон байна. Дугуйчид аяллаас гадна багуудын дунд буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой хөтөлбөрт хамрагдан амралтын өдрөө зөв боловсон өнгөрөөжээ.

Дугуй унах нь эрүүл мэнд болон эдийн засаг байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар мэдлэг хандлага сайжирсаныг зохион байгуулагчид онцлов. Халдварт бус өвчинд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ болж байдаг байна. Тэдгээр нь илүүдэл жин, артерийн даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэдэг аж.

Б.Мөнхзул

Related news