“Үлгэрч гэр бүл” цахим уралдааны шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-04-30 12:42:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Ковид-19” цар тахлын үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж "Үлгэрч гэр бүл" цахим уралдааныг зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.


Уралдааны зорилго гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж монгол ардын үлгэрээр дамжуулан хүүхдээ хүмүүжүүлэх, уламжлалт өв соёлыг сургах арга зүйд эцэг эхчүүдийг уриалах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, эерэг хандлага бий болгоход чиглэгджээ.


Тус уралдаанд нийт 125 гэр бүлийн  бүтээл ирсэн бөгөөд удирдамж, тавигдах шаардлагын дагуу ирүүлсэн бүтээлийн лайк, шэйрын тоо, ажлын хэсгээс гарсан үнэлгээ, оролцогчдын бүтээлч байдлыг харгалзан үзэж шалгаруулсан байна.


Шалгаруулалтаар 1-р байрт: Монгол Ардын үлгэр “Ухаант туулай” үлгэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас оролцогч Б.Базарсадын гэр бүл, 2-р байрт: Монгол ардын үлгэр “Шаазгай” үлгэрээр Улаанбаатар хотын Баянгол дүүргээс оролцогч,  Сувиллын цэцэрлэг яслийн 10 цэцэрлэг бэлтгэлийн “B” бүлгийн сурагч А.Загдсүрэн, 3-р байрт: Монгол ардын үлгэр "Ухаант хүү" үлгэрээр Ховд аймгийн  Булган сумаас оролцогч Б.Дамиранжавын гэр бүл тус тус шалгарлаа.


Тусгай байрт: Монгол ардын үлгэр “Туулай яст мэлхий хоёр” үлгэрээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р цэцэрлэгийн бага бүлгийн оролцогч Н.Номин-Эрдэнэ, "Долоон өндөгтэй доголон шаазгай " үлгэрээр Увс аймгийн Улаангом сумаас оролцогч Лхагвасүрэнгий гэр бүл, “Тэмээ үнсэнд хөрвөөх болсон учир” үлгэрээр Увс аймаг Хяргас сумаас оролцогч  Д.Хүрэл-Эрдэнийн гэр бүл, "Долоон өндөгтэй доголон шаазгай" үлгэрээр Дорнод аймгийн Хэрлэн сумаас оролцогч 2 цэцэрлэгийн дунд "А" бүлгийн Б.Отгонхүү, 'Ухаант туулай' үлгэрээр Өвөрхангай аймгийн Бүрд сумаас оролцогч Б.Бат-Оршихын гэр бүл шалгарсан байна. 

Related news