Дархан-Уул аймагт 40 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-17 14:01:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд 535 иргэнээс PCR шинжилгээ авахад 40 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Ингэнээр 3 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд батлагдсан тохиолдол 234 боллоо. Харин аймгийн хэмжээнд халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш 279 болж байна. ЭМЯ-аас өгч буй мэдээллээр батлагдсан тохиолдлын тоо зөрүүтэй байгаа аж. Учир нь ЭМЯ аймгуудаас шөнийн 00.00 цагаас албан ёсны мэдээллээ авдаг бол аймгийн PCR шинжилгээний хариу түүнээс хойш уншигдаж гардаг гэж аймгийн ЭМГ-аас мэдээлсэн.

Сүүлийн 24 цагт батлагдсан 40 тохиолдлыг задалж үзвэл, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ /ДСЦТС/ ХК-ийн 24 ажилтан, Шарын гол суманд гэрийн тусгаарлалтаас хоёр, түргэвчилсэн оношлуураар тав, Орхон сумаас тав, Ширээн нурууны иргэдээс дөрөв илэрчээ. Одоогоор дээрх халдвар авсан иргэдийн ойрын хавьтлыг олж тогтоохоор тархвар судлаачид ажиллаж байна.

Эмчлэн тусгаарлах байранд 71 иргэн байгаагийн 2 хүний биеийн байдал хүнд, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Харин ажиглан тусгаарлах байранд 54 иргэн байна. Цаашид тусгаарлах байрны тоог нэмэгдүүлж бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэл өглөө.

Аймгийн онцгой комисс дахин 16:00 цагт хуралдахаар боллоо.

Related news