Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу УИХ 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүн нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ, тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ.
Цэцийн гишүүнийг чөлөөлүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна гэсэн маш тодорхой хуулийн заалтыг зөрчиж, Улсын дээд шүүхээс Ш.Цогтоог чөлөөлүүлэх санал гаргаагүй, түүнчлэн Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн төрийн ажлын үндсэн зарчимд огт нийцэхгүй байна гэж хоригт дурджээ.
Байнгын хорооны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхийлөгчийн хоригийг дараах хоёр үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж тайлбарлав. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 10 гишүүнтэй болно. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд, Цэц 9 гишүүнтэй байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Их Хурал өөрөө Үндсэн хууль зөрчих болно. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1-д УИХ нь “асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 33, 38 дугаар зүйлд Ерөнхийлөгч болон Засгийн газар нь “үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, онцгой бүрэн эрх, үндсэн бүрэн эрх гэсэн хоёр ялгамжтай нэр томьёо хэрэглэсэн. Онцгой бүрэн эрхэд УИХ бүрэн эрхээ хэнтэй ч хуваалцахгүй гэсэн утга санаа агуулж байгаа. Тодруулбал, хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, Цэцийн гишүүнийг томилох зэрэг онцгой бүрэн эрхтэй. Эдгээр бүрэн эрхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих байдлаар дамжин орох боломжийг Үндсэн хууль олгоогүй, хэрвээ олговол энэ нь засаглалын хямрал руу түлхэнэ. УИХ ч ялгаагүй Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү орох эрхгүй. Иймд УИХ ба Ерөнхийлөгчийн уг харилцаа Үндсэн хуулийн хүрээнд явагдах ёстой хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлэв.
Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.