Эмч, эмнэлгийн ажилтнуудад 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсон тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-ийн ажилтай өнөөдөр танилцах үеэрээ мэдээллээ.
Тодруулбал, COVID-19 цар тахлын эсрэг ажиллаж байгаа 2230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1100 резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэх юм байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д тулгамдаж байгаа зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо. Амаргүй цаг үед хамтын хүчээр цар тахлыг даван туулж, Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхаа алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний асуудалд үе шаттайгаар анхаарч, хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм.