Улсын онцгой комиссын шийдвэрийг хэсэгчлэн мөрдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос өчигдөр орой халдвар шинээр болон дахин бүртгэгдсэн аймгуудыг энэ сарын 28-ны өдрөөс эхлэн улаан түвшинд шилжүүлэх шийдвэр гаргасан. Харин өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, Улсын онцгой комисстой зөвшилцсөний үндсэн дээр өчигдрийн шийдвэрийг хэсэгчилсэн хэлбэрээр дагаж мөрдөхөөр болсон байна.
Тодруулбал Шарын
гол сум энэ сарын 28-ны өдрөөс эхлэн улаан түвшин, Дархан сум улбар шар, Орхон,
Хонгор сум шар түвшинд шилжиж байна. Үүнтэй уялдуулан Дархан-Уул аймгийг хэсэгчилсэн байдлаар өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт
шилжүүлэх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа.
Улбар шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан дэн буудал, сүм хийдийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор боллоо. Саун бассейн, үзвэр үйлчилгээ, чийрэгжүүлэлтийн төвүүд нэг дор үйлчлэх хүний тоог тодорхой хувиар багасгаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна. Диско, баар, PC, караоке, тоглоомын төв зэрэг үйл ажиллагаа хязгаарлагдсан хэвээр. Бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Хүнс тээвэр, газар тариалан ХАА-тай холбоотой хөдөлгөөн хийх асуудлыг аймгийн ХХААГ хариуцаж шийдвэр гаргана. Уул уурхайн ээлж солилцоотой холбоотой ажлыг БОАЖГ хариуцна.
PCR шинжилгээ хийх
нөөц аймагт байхгүй учраас уул уурхайн компаниуд ээлжийн ажилчдаа дотоод нөөц
боломжоороо шинжилгээнд
хамруулахыг анхаарууллаа. Түүнчлэн зорчих хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг
Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын Онцгой комисс хариуцах ажээ.