Орос дуу, шүлгийн болон гар зургийн уралдаан, сорилд амжилттай оролцсон сурагчдыг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-18 16:02:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Боловсролын байгууллага байгуулагдсаны 100 жил, Дархан хотын 60 жилийн ойн баяр энэ онд тохиож байгаа. Ойн баяярын хүрээнд ОХУ-ын Дархан-Уул аймаг дахь Консулын газар, аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, БСУГазар хамтран ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд цэрэг, эх орны сэдэвт орос дуу, шүлэг болон гар зургийн уралдаан, Орос хэлний олимпиадыг цахимаар зохион байгууллаа.

Дээрх уралдаанд ерөнхий боловсролын 17 сургуулийн 79 сурагч оролцов. Уралдаанд оролцсон 8-9 дүгээр ангийн сурагчдаас Гоцлол дууны төрөлд “Оюун ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч С.Эгшиглэн түрүүлж, Од цогцолбор сургуулийн сурагч М.Бүрэнжаргал удаалж, 4 дүгээр сургуулийн сурагч Х.Цэнгүүнээ 3 дугаар байранд шалгарлаа.

Харин Дуэт дууны төрөлд тэргүүн байрт Од цогцолбор сургуулийн сурагчид, хоёрдугаар байрт 16 дугаар сургуулийн сурагчид, гуравдугаар байрт 8 дугаар сургуулийн сурагчид тус тус шалгарсан байна.

Шүлгийн төрөлд Од цогцолбор сургуулийн Т.Номуундарь тэрүүн байр, 8 дугаар сургуулийн Н.Мөнхцацрал хоёрдугаар байр, нэгдүгээр сургуулийн С.Энхбаяр гуравдугаар байрны шагнал хүртлээ.

Долоодугаар ангийн сурагчдын дунд явуулсан гар зургийн уралдаанд хоёрдугаар сургуулийн сурагч Н.Ариунбат тэргүүн байр эзэлсэн бол Хонгор сумын 14 дүгээр сургууль болон "Од" цогцолбор сургуулийн Э.Эрдэнэсүх, Ч.Дэлгэрмаа нар удаах байруудад орсон байна. 

Түүнчлэн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулсан сорилын шалгалтын дүнгээр "Шинэ-Алхам" сургуулийн сурагч Б.Лхамцэрэн, 11 дүгээр сургуулийн сурагч Э.Нарансолонго, Дархан-Эмпати сургуулийн сурагч Г.Ариундалай нар эхний 3 байрыг эзэлжээ. 

Шилдгээр шалгарсан сурагчдын шагналыг ОХУ-ын Дархан-Уул аймаг дахь Консулын газрын Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович болон Дархан хотын захирагчийн орлогч Б.Батболд, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Н.Сүхбаатар, БСУГ-ын дарга С.Галбадрах нар гардуулж, сурлагын өндөр амжилт хүслээ. 

 

Related news