17 дугаар цэцэрлэгийн их засварын санхүүжилтийг “Өвсний үндэс” хөтөлбөрөөс олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-16 15:54:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэг 36 жилийн дараа их засварт орох боломж нээгдлээ. Учир нь байгуулагдсан цагаасаа хойш буюу 1985 оноос өдийг хүртэл урсгал засвар хийж, сургалт хүмүүжлийн ажлаа үргэлжлүүлдэг байсан бөгөөд барилгын дээврээс эхлээд сантехникийн шугамыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан байна.

Энэ хүрээнд өнгөрсөн жил аймгийн Засаг дарга "Өвсний үндэс" хөтөлбөрийг Шарын гол суманд үргэлжлүүлэх санал тавьжээ. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас талууд уулзаж ярилцах, боломжгүй байсан байна. Харин энэ сарын 15-ны өдөр аймгийн Засаг дарга Б.Азжаргал Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшитай уулзав. Уулзалтаар Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн их засварын ажлын санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн барилгын их засварт шаардлагатай 400 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох аж. Барилгын их засварын ажил ирэх зунаас эхлэх төлөвтэй байгаа бөгөөд удахгүй тендер зарлагдах ажээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Шарын гол сумын 17-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунцэцэг нар оролцсон байна.

“Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөр нь 2018 онд тус сумын 6 дугаар цэцэрлэгт хэрэгжсэн. Тиймээс тухайн сум орон нутгийн сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд тав тухтай орчин бүрдүүлэх үүднээс сургуулийн өмнөх боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг тавьж байсан. Урд өмнө тус хөтөлбөр нь 200 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол энэ удаад засвар үйлчилгээг чанартай сайн хийх үүднээс санхүүжилт нэмэгдснийг уулзалтын үеэр элчин сайд мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэг нь 24 багш, ажилчидтайгаар 200 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

 

Related news