Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-18 13:59:06

Дорноговь /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажил Дорноговь аймагт үргэлжилж байна.

Аймгийн Цагдаагийн газраас иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавьж ажиллаж байгаа бол босоо тэнхлэгийн зам дагуу болон Даланжаргалан, Айраг, Замын-Үүд, Сайншанд сумын хяналтын есөн постод 21 цагдаагийн алба хаагч бусад мэргэжлийн анги, байгууллагын ажилтан алба хаагчидтай хамтран ажиллаж буй.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойших хугацаанд хорио цээрийн дэглэм зөрчсөн нийт 14 гомдол, мэдээллийг хүлээн авч таван гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж шүүхэд шилжүүлэн, 2.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Гадаадаас оруулж буй бараа бүтээгдэхүүний урсгал өмнөхөөсөө нэмэгдэж, Замын-Үүдийн хилийн боомт дээр өдөрт нэг талдаа 120-150 тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байна.

Related news