“Samsung”-ийн Техас дахь чипийн үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-02-17 15:30:53

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани АНУ-ын Техас муж улсын Остин хот дахь чипийн үйлдвэрийнхээ үйл ажиллагааг цасан шуурганы улмаас цахилгаан хангамж тасалдсантай холбоотойгоор түр зогсооход хүрчээ.


Цасан шуурганы улмаас Техаст үйл ажиллагаагаа зогсоогоод буй томоохон газруудын нэг нь “Samsung”-ийн чипийн үйлдвэр болохыг Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.


“Бид цахилгаан хангамж хэвийн болсон даруйд үйлдвэрлэлээ үргэлжлүүлнэ” гэж чипийн үйлдвэрийн төлөөлөгч мэдэгдсэн хэдий ч хэзээнээс хэвийн болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.


U.S. news” цахим хуудсанд мэдээлснээр, цасан шуурганы улмаас АНУ-ын 18 муж улсын таван сая гаруй өрхийн цахилгаан хангамж тасалджээ.


Ташрамд дурдахад, дэлхийн санах ойн чипийн хамгийн том үйлдвэрлэгч болох “Samsung” хагас дамжуулагчийн салбар дахь байр сууриа нэмэгдүүлэхийн тулд Остинд чипийн шинэ үйлдвэр байгуулах төлөвлөгөө боловсруулж байгаа гэх мэдээлэл гараад байгаа ажээ. 

Related news