Афганистанд газар хөдөлснөөс хойш долоо хоног өнгөрч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 8 /NHK/. Афганистанд хүчтэй газар хөдөлснөөс хойш долоо хоног өнгөрч буй энэ үед байгалийн гамшигт нэрвэгсдэд тусламж үзүүлэх санхүүжилт дутагдалтай байгааг НҮБ анхааруулж, олон улсын хамтын нийгэмлэгээс дэмжлэг хүсэж байна.
Афганистаны зүүн нутагт
наймдугаар сарын 31-нд 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд
хамгийн их хохирол амссан Кунар мужид 2205 хүн амиа алдаж, 3640 хүн гэмтэж
бэртжээ.
НҮБ-ын ажилтнууд
хоол хүнс, майхан болон бусад тусламжийн хэрэгслийг хуваарилан тарааж байна. Гэвч уулархаг
бүсэд олон зам хаагдаж, газар хөдлөлт үргэлжилсээр байгаа тул амьд үлдсэн хүмүүст тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгааг албаны хүмүүс хэлж байна.
Хүчтэй газар
хөдлөлтийн улмаас гэр нь нурах үед хоёр хүүхдээ алдсан нэгэн эрэгтэй NHK-д
хэлэхдээ, гэр бүлийнх нь бүх эд хогшил, эд хөрөнгө нурангинд дарагдсан хэвээр
байна гэжээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн хүмүүст бүх зүйл дутагдаж
байна гэж тэрбээр хэлсэн байна.
Афганистаныг “Талибан”
хөдөлгөөний түр засгийн газар удирдаж байгаа юм. АНУ-ын засаг захиргаа Кабулд
үзүүлэх тусламжаа газар хөдлөлт болохоос өмнө хэдийн зогсоогоод байжээ. Бусад
улс орон ч мөн тусламжаа танасан байна.
Дэлхийн хүнсний
хөтөлбөрийн Афганистан дахь суурин төлөөлөгч Жон Айлиефф NHK телевизэд ярилцлага
өгөхдөө, газар хөдлөлтийн бүсэд байгаа хүмүүсийг дахин дөрвөн
долоо хоног хооллоход л хүрэлцэхээр хөрөнгө мөнгө үлдээд байгаа ажээ. Иймээс санхүүгийн
тусламж үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалаад, амьд үлдсэн хүмүүс
хөл дээрээ босоход хэдэн сар шаардлагатай гэж тэрбээр хэлсэн байна.