Мэдээллийн нэгдсэн системтэй болсноор хуурамч диплом устана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБоловсролын салбар мэдээллийн нэгдсэн системтэй болж буйгаа өнөөдөр зарлалаа.
БСШУЯ өнгөрсөн хугацаанд салбарынхаа бүх мэдээллийг нэгтгэж, "Мэдээллийн нэгдсэн цахим систем"-ийг бий болгожээ.
Нээлтийн ажиллагааны үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр хэлэхдээ, “Өнгөрсөн долоо хоногт манай яам төрийн байгууллагуудаас анх удаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаагаа батламжлуулсан. Өнөөдөр мэдээллийн нэгдсэн системтэй болж байна. Бид өнгөрсөн 4 жилд хийхээр зорьсон ажлаа бүгдийг хийж чадлаа” хэмээн онцлов.
Тус систем нь их сургууль болон ЕБС-ийн мэдээлэл, суралцагчдын мэдээлэл, сурагчийн авсан дүн, чанар, амжилт, хичээлээ ойлгосон байдал, багшийн хичээлээ явуулсан үзүүлэлт, явцыг дэлхийн хаанаас ч цаг тухайд нь мэдэж болох шинэ программ юм.
Тодруулбал, боловсролын салбарын мэдээллийн системтэй болсноор сурагч, багш, сургууль, шалгалттай холбоотой бүртгэл, мэдээллийг бичгээр авч цаг алддаг, мэдээлэл давхарддаг байдал арилах юм. Үүнээс гадна оюутнуудад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлэг хэзээ, хаашаа, хэний дансанд орж байгаа нь хүртэл ил болно. Цаашлаад дүнгийн бүртгэл засах, хуурамч диплом олгох гэсэн тус салбарт ихээхэн шүүмжлэл дагуулдаг асуудал үгүй болж авлигал, аргалах үзэгдэлд цэг тавьж байгаа аж.