Төрийн албаны тусгай шалгалтыг 29 иргэн өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн ЗДТГ-ын гүйцэтгэх албан тушаалын 28 орон тоон дээр Төрийн албаны тусгай шалгалт буюу албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.
Дээрх байгууллагуудын зарлагдсан
орон тоон дээр нийт 29 иргэн шалгалт өгсөн аж. Тусгай шалгалт өгч байгаа иргэдийн
70 гаруй хувь
нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй иргэд ажээ. Харин 30 орчим хувь нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчид шалгалт
өгсөн байна.
Шалгалтад оролцож байгаа иргэд хууль
эрх зүй, дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх, монгол хэлний яриа болон бичгийн
чадвар гэсэн 4 төрлийн шалгалтыг сорилоор, багаар ажиллах чадварын шалгалтыг
ярилцлагаар өгчээ. Нийт шалгалтын дүнгээр хамгийн өндөр оноо авсан иргэн албан тушаалд нэр
дэвших эрхтэй болох аж.
“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас
шалтгаалан 01 дүгээр сарын 28-нд болох байсан шалгалт найм хоног
хойшилж ийнхүү болсон байна. Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлөөс
аймгийн МХГ, ЭМГ-тай хамтран "Од" цогцолбор сургуулийн "А"
байранд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, гурван ээлжээр нэг танхимд
таваас илүүгүй хүнийг оролцуулан зохион байгуулсан ажээ.