"Хүүхдийн төмөр замын цогцолбор"-ыг Дарханд байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн холбогдох албаныхан Дархан-Уул аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Хурлаар Дарханд "Хүүхдийн төмөр замын цогцолбор байгуулах" асуудлаар талууд харилцан санал солилцов.
Энэхүү “Хүүхдийн
төмөр замын цогцолбор”-ыг Монголд анх удаа барихаар бэлтгэл хэсэгтээ яригдаж
байгаа бөгөөд залуусын хот, хүүхэд багачуудын соёл амралтын хүрээлэнг түшиглэн
байгуулах санаачилга гарчээ.
УБТЗ ХНН-ийн ажлын хэсгийн гаргасан
анхны зураг төсөвт "Хүүхдийн төмөр замын цогцолбор"-ыг "Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн"-д байгуулах бөгөөд 2.3 км урттай төмөр зам
барихаар төсөөлжээ. Уг ажлыг талууд хамтран хэрэгжүүлэх санамж бичгийг 2020 оны
9 дүгээр сард байгуулсан юм. Энэ удаагийн цахим хурлаар талуудын
хариуцсан ажил ямар түвшинд байгаа, цаашид юунд анхаарахад чиглэгдсэн бөгөөд
цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цогцолборын ажлыг эхлүүлэх өдрийг
товлохоор боллоо.

