“Ой модны генийн сангийн хөгжил” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-04 17:04:53

“Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг БНЧУ-ын Ойн Менежментийн Институтээс Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хэрэгжүүлж байна. Төслийн мониторинг хийх зорилгоор БНЧУ-ын Элчин сайдын орлогч Олдржих Заяычек, Чехийн хөгжлийн агентлагийн мэргэжилтэн Л.Худа нарын албаны хүмүүс тус аймагт ажиллах үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд хүлээн авч уулзав.

Цаг уурын өөрчлөлт болон улам эрчимжиж байгаа цөлжилтийг сааруулахад Монгол орны хувьд ой чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд ойн менежментийн хүрээнд ойг хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн төлөвлөлтийн арга, аргачлал болон орон нутгийн ой модны экологийн төрөл зүйлийн генийн санг хадгалж нөхөн үржихүйг нь хангах найдвартай системээр дутагдаж байгаа тухай мэргэжилтнүүд хөндөж ярьдаг. Уг төслийн хүрээнд Чех улсын туршлагад үндэслэж эдгээр аргачлалыг Чехийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар нэвтрүүлж ашигласнаар ойн сан, ой бүхий орон нутагт тулгарч байгаа доройтлыг зогсоож гал түймэр, хорхой шавьжны хөнөөлд өртсөн газар нутагт ойжуулалт хийх байгаль экологийн төрөл зүйл болон цөлжилтийн улмаас элэгдэлд орсон газар нутгийг нөхөн сэргээх боломжтой болох юм байна.

Төслийн хүрээнд Чех, Монголын мэргэжилтнүүд Монгол Улсад ойн генийн санг хамгаалж хөгжүүлэхийн тулд Монгол орны ойн экологийн төрөл зүйлийн байршлыг тогтоож тодорхойлох, олж таних зэрэг судалгааг хийнэ. Газар дээр нь хийсэн судалгаанд үндэслэж Чехийн мэргэжилтнүүд сургалтын материал, заах арга зүйг улам сайжруулахаас гадна Монгол мэргэжилтнүүд, орон нутгийн ажилтнуудад үр түүх, үрийн материалыг хэрхэн арчилж хамгаалах, үр үржүүлгийн төвийг байгуулж ажиллуулах, үрийн талбай, ойн нөхөн сэргээлт болон ургамал хамгаалах зэрэг сэдвээр сургалт явуулж тодорхой ажлын дадлага олгох юм байна. Мөн чанартай үржүүлгийн материал гаргаж авах үүднээс загвар болсон хоёр төвийг байгуулахын зэрэгцээ саванд үрслүүлэх технологийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Уг төсөлд Монгол Улсын Сангийн яам, Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон түүний дэргэдэх “Ойн судалгаа хөгжлийн төв”, Дархан-Уул аймгийн Хонгор сум, тус сумын Ойн анги, Шарын гол сум, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал, Газар тариалангийн Сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт, Үйлдвэрлэлийн төв зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна. 

                                                                                              Б.Норовсамбуу

Related news