Онцгой комисс, Шуурхай штабын мэдээллээс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-13 10:20:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ сарын 6-ны өдрөөс нээсэн 16 чиглэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бөгөөд ирэх сарын 1 хүртэл бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй хэвээр байна.  

Харин энэ сарын 14-ний пүрэв гарагаас эхлэн ЕБ-ын сургуулийн 12 дугаар ангийн 1241 сурагчийг танхимын давтлагад хамруулж эхэлнэ. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалттай холбогдуулан төсгөх ангийн сурагчдыг давтлагад хамруулах шийдвэр гаргасан бөгөөд нэг ангид 10-аас дээш тооны сурагчийг цуглуулж бөөгнөрөл үүсгэхгүй ажээ.

Түүнчлэн иргэдээс хамгийн их асууж тодруулж буй нэг зүйл бол хот хоорондын хөдөлгөөн, бусад аймаг хотоос Дарханд ирж гацсан иргэдийг хэрхэн нутаг буцаах асуудал байлаа. Тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд Улсын болон нийслэлийн онцгой комиссын шийдвэр, харилцан ойлголцлын хүрээнд дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал Дархан-Уул аймаг руу орох, гарах иргэдийг энэ сарын 12, 13-нд smartdarkhan.com цахим хаягаар бүртгэн 14-ний пүрэв гарагаас эхлэн зорчих хөдөлгөөнийг зохион байгуулна. Ингэхдээ Дархан-Уул аймгаас гарч буй иргэд шинжилгээнд хамрагдахгүйгээр асуумжид үндэслэн явах боломжтой ажээ. Улаанбаатараас ирэх Дархан-Уул аймгийн харъяат иргэдийг бүртгэлд хамруулан Нийслэлийн онцгой комисстой зөвшилцөн шийдвэрлэхээр болжээ. Цар тахлын голомтот бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг бусад аймгаас Дарханд ирэх иргэдийг асуумж бөглүүлэн, түргэвчилсэн оношлуурын хариунд үндэслэн хүлээн авах аж. Уул, уурхайн салбарын тухайд Өмнөговь аймгаас бусад аймаг руу уул, уурхайн ээлж солилцоогоор явах ажилчид тухайн байгууллагаасаа албан тодорхойлолт авч, асуумж бөглөн, коронавирусний түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж гарах, ирэх шийдвэр хэвээр үйлчилнэ гэж аймгийн онцгой комиссоос мэдээлэв.

Мөн Төрийн болон хувийн хэвшлийн бүх ААНБ-ууд ажилд шинээр орох болон ажил үйлчилгээг хэвийн явуулахад иргэдээс PCR шинжилгээний бичиг шаардахгүй. Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сум хооронд хөдөлгөөнд оролцох иргэд нэг хүн 7 хоногт нэг удаа зорчих зарчмыг баримтална. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх, хэвтэн эмчлүүлэх иргэд коронавирусний түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Харин ахмадууд шинжилгээний төлбөр төлөхгүй. Хувийн эмнэлэгт хэвтэх иргэд төлбөрөө /23.000/ төлж түргэвчилсэн шинжилгээ өгнө. Аймгийн хэмжээнд ард иргэд сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй шийдвэрүүдийг гаргав.

Related news