Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийх авто замын ажил 3 дугаар сард эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-11 15:04:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгох ажлын хоёрдугаар шатны ажил буюу Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр барих 202.42 км авто замын барилгын ажил ирэх 3 дугаар сарын 15-наас эхэлнэ.

Уг асуудлаар өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар авто зам дамжин өнгөрөх аймгуудын удирдлагуудтай цахимаар холбогдон дараах үүрэг чиглэл өглөө. Нэн тэргүүнд авто зам барих ажлын бэлтгэл байдлыг хангах, газар чөлөөлөх асуудлыг шийдэхийг үүрэг болголоо.

Дархан-Уул аймгийн тухайд замын ажилтай холбогдуулан 10 газрыг чөлөөлөхөөс 5 газрыг чөлөөлсөн аж. Цаашид Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнгийн блокон хашаа, Дархан хаалга, Зам дагуух мод, “ДДЦС” ТӨХК-ийн тунгаасан усны шугам хоолой, Магнай трейд”, Шунхлай ХХК-ийн шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг ирэх сарын аравны дотор хийх чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар үүрэг болголоо.

Газар чөлөөлөлтийг хийснээр Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын 2 дугаар шатны ажил эхлэх боломж бүрдэх аж. 

Related news