Бүсийн лабораторитой болохоор төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-01-09 21:19:55

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс энэ онд бүсийн лабораторитой болохоор зорин ажиллаж байна.

Тодруулбал, Хэнтий “Зүүн бүсийн эзэлхүүн, масс”–ын хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын лабораторийн төсөл Сангийн яамны хөрөнгө оруулалтаар Турк улсын TIKA төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд энэ оноос хэрэгжих юм байна.

Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Хэтийн Хэнтий-2024” хөтөлбөрт тус салбартай холбоотой гурван зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар тусгагджээ.

Үүнд, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 178 төрийн байгууллагыг үйлчилгээний стандарттай болгох, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадваржуулах, үйлчилгээний байгууллагуудын чанар, стандартыг сайжруулах сургалт, зөвлөгөөнийг төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан жил бүр зохион байгуулж, зочид буудлуудын зэрэглэлийг нэг шатаар ахиулах зорилт тавьжээ.

Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс 13 хүний орон тоотойгоор ажиллаж байгаа бөгөөд 2017, 2018 онд ажил үйлсээрээ 21 аймгаасаа улсын хэмжээнд тэргүүн байрт орж шилдэг байгууллагаар, 2019 онд Хэнтий аймгийн төрийн захиргааны шилдэг байгууллагаар шалгарсан байна.

 

Related news