Хоол үйлдвэрлэлийн салбарын ажилтнуудад тусламж хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-12-31 11:34:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр үйл ажиллагаа нь хязгаарлагдсан хоол үйлдвэрлэлийн салбарын ажилтан албан хаагчдад нэг удаагийн тусламжийг хүргэхээр болсон. Энэ дагуу Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг 103 аж ахуй нэгж байгууллагын 665 ажилтны судалгааг гаргаж, хүнсний бүтээгдэхүүн олгохоор болжээ. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хүрэлчулуун, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяр нар Дархан сумын 18 багийн Засаг дарга нартай уулзалт хийн дээрх хоол үйлдвэрлэлийн салбарын ажилтан албан хаагчдад тусламжийг хэрхэн хүргэх талаар үүрэг чиглэл өглөө.

Коронавирусний халдварын улмаас ААНБ-уудын үйл ажиллагаа доголдох, ажилтнуудынхаа цалин олгох зэрэгт багахан хүндрэл учирч байгааг онцлон, нэг удаагийн тусламжийг хүргэх санаачилгыг гаргасан аж. Уг тусламжийн аянд аймгийн ЗДТГ, Гүүд нэйборс Олон улсын тусламжийн байгууллага хамтран нэг иргэнд 75.000 төгрөгийн хүнс болон эрүүл ахуйн багцыг өгөхөөр ажиллаж байна.

 

Related news