Ахмадууд сувилалд хамрагдах хүсэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-06-02 14:43:29

Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийг үндэслэн Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор амьжиргааны түвшин, өрхийн мэдээллийн сангийн 6 дугаар түвшин буюу түүнээс доош бүлэгт хамаарах ахмадыг,  тус сувилалд үнэ төлбөргүй 6 хоног амраадаг. Энэхүү тогтоолын дагуу одоогоор аймгийн хэмжээнд 192 ахмад үнэ төлбөргүй амарчээ.

Энэхүү тогтоолын дагуу болоод хувиараа ахмадууд сувилалд хамрагдах хүсэл их байдаг байна. 7 хоног биеэ сувилуулахаас гадна үе тэнгийнхэнтэй хөөрөлдөж, чөлөөт цагаараа хамтдаа хөзөр тоглож, дасгал хийж, бүжиг бүжиглэх зэрэг нь ахмадуудын сэтгэлд их нийцдэг тухай ахмадын сувилал хариусан мэргэжилтэн Ц.Сайхантуяа  хэлж байлаа.

Сүхбаатар аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх ахмадын сувилал нь 2014 оны 10 дугаар сард анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус онд 168 ахмад амарч сувилуулж байсан бол 2015 онд 580 ахмад сувилалд амарчээ.

Энэхүү сувилал бий болсноор Сүхбаатар аймгийн 13 сумын ахмад, өндөр настангууд өөр газар луу явж амарч эмчлүүлнэ гэхгүй, цаг хугацаа хэмнэн аймаг орон нутагтаа бага зардлаар амрах боломж бий болсон юм.

Т. Одончимэг

 

Related news