Хугацаа хэтэрч, алданги тооцуулсан төлбөрийн 82 хувийг төлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-25 16:59:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Төрийн Аудитын Дундговь дахь салбарын мэдээлснээр энэ онд СХС-гийн 2008 оноос хойш төлөгдөөгүй хугацаа хэтэрч, алданги тооцуулсан төлбөрийн 82 хувийг төлүүлж чаджээ. 

Тодруулбал, 2008 оноос хойш тус сангаас зээл авсан иргэдийн хугацаа хэтрэлттэй, алданги тооцуулсан нийт 1,289.6 сая төгрөгийн төлбөрийн актыг барагдуулахаас 1,051.1 сая төгрөгийг барагдуулсан байна.

Төрийн Аудитын салбараас сүүлийн хоёр жилд аймгийн Прокурорын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажилласан нь СХС-гийн хугацаа хэтрэлттэй зээлийг буцаан төвлөрүүлэх, төлбөрийн актыг барагдуулахад ихээхэн ач холбогдолтой байсныг тус байгууллага тайландаа дурдсан аж.

2017 онд СХС-гийн 326 зээлдэгч эрсдэлтэй байсан бол 2018 онд 98, 2019 онд 20 болон буурч, тус сангийн хугацаа хэтрэлттэй зээлийн үлдэгдэл багасч, зээлдэгчид хугацаандаа зээлээ төлдөг болж байгаа нь дээрх үйл ажиллагааны үр дүн юм.

Мөн 2018 онд 85 зээлдэгчид 735.4 сая, 2019 онд 129 зээлдэгчид 1,680.0 сая төгрөгийн зээлийг олгосон нь СХС-гийн хөрөнгийн эргэлт сайжирч байгааг харуулж байгаа ажээ. 

Related news