Цагаан эрэгт хууль “гууль” болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 13:21:22

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Мянган улзатын байгалийн цогцолбор газарт  вольфром олборлож буй  Цагаан эрэг  хэмээх газар багтдаг. Сүүлийн 10 гаруй жилийн турш  тэнд нинжа нар орж вольфрам олборлож байгаа юм. Тэр хэрээр газар нутаг сэндийлж, хөрс, ус, бэлчээр сүйтгэж байгаа ч тэнд болж буй хууль бус үйлдлийг зогсоох талаар ямар ч арга хэмжээ авагдахгүй өдий хүрлээ. Энэ зуны турш хэдэн цагдаа нар очиж  зовсон.Цагдаа, иргэд ,байгаль хамгаалагч гуравын дунд “үүссэн маргаан”  хэвээр үлдлээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах тухай хуулийг зөрчиж олборлолт хийх эрхийг Ховд аймгийн Цэцэг сумын засаг дарга Б.Цогбадрах, Алтай сумын засаг дарга Ч.Бадамцэцэг нар өгсөн хэмээн цагдаа, шүүх, прокуроороор явсан боловч хэрэг нь замхарсан.

Цагаан эрэгийн тусгай хамгаалаттай газар  нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл авсан  “Ашид Алтай Майнинг ХХК” –ийг Ховд аймгийн Алтай сумын уугуул Болд, Лхагва, Даваа, Увс аймгийн арслан Цэдэнбал нарын хүмүүс онцгой эрх эдэлж, хууль бус авирлаж  байгаад нутгийн иргэд дургүйцэж байна.

Тус компани нөхөн сэргээлт нэрээр ашиг олж,улмаар Ангиртын голын усыг бохирдуулж, нутгийн ард иргэдийн газар нутгийг булааж,нэг ч нөхөн сэргээлт хийгээгүй  байна.

“Ашид Алтай Майнин”г ХХК-ний цаана хятад эзэн байгаа гэдгийг нутгийнхан ярьдаг. Тус компани дуртай үедээ хүссэн цагтаа ирж машин техник тоног төхөөрөмжөөр давуу байдлаа ашиглан их хэмжээний вольфром олборлож ашиг олж байхад Монгол Улсын хууль тэдэнд  үйлчлэхгүй байгаад хамаг учир байна.

Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас энэ талаар ямар арга хэмжээ авч байгааг бид мэдэхгүй, харин аймгийн Байгаль орчны газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар  улсын тусгай хамгаалалттай газар нутагт гадныхан түрэмгийлэн орж баялаг ашиглаж байгаа хууль бус байдалд хуулиа мөрдүүлж, зохих шаардлагаа тавьж чадахгүй өдий хүрч  байна.

Нутгийн иргэд ”хятад эзэнтэй компани бидний баялгийг ухаад ашиг олоод байхад бид газар нутаг дээрээ амьдарч байж яагаад  гар аргаар вольфром олборлож болохгүй вэ, монгол хүн өнөөдөр хүн биш юм уу” гэдэг шаардлага цагдаа нарт тавьдаг байна.

Цагаан эрэгт өнөөдөр хятад эзэнтэй компани ашиг олж байгаа нь нууц биш.Тэдэнд газар нутгаа сэндийчих эрхийг сумын удирдлагууд олгосон байхыг  ч үгүйсгэхгүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах тухай Монгол Улсын хууль Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын тусгай хамгаалалттай газарт “гууль” болж байна.

Цагаан эрэгт вольфром олборлохоор очиж ажилласан иргэн “Нөхөн сэргээлт нэрээр худалдаж Ашид Алтай Майнинг  компани нь 50 тн –ын ховоогоор 21 тн чулуу өөрсдөө гаргаж авдаг.Нутгийн иргэд төдийгүй Увс,Завхан аймгаас хүмүүс очсон.Энэ зун 30 цагдаа ажиллаад дийлээгүй. Иргэд оюутны төлбөр хийнэ эндээс өөр ажил ч байхгүй, амьдрал хэцүү байна гээд ухдаг. Цагдаа, иргэн, компани гурвын дунд нэг ёсны зодоон цохион болж замбараагүй байдал даамжирсан.

Худалдаж авсан компани Ангиртын  голын усыг нь салаалж хоолой татаад бүр сүйрүүлсэн. Иргэд Алтай, Цэцэг сумын засаг дарга нар хятадын талтай хуйвалдаж лиценз зарсан гэдэг хардлага байгаа. Үнэндээ цагдаа нар зовдог. Ард иргэд нутгийнхаа баялгийг ашиглая гэдэг боловч худалдаж авсан компанийн гарт бүх эрх мэдэл нь байдаг. Тэд шөнө оройн цагаар, ер нь ямар л арга байна иргэд түүнийг хэрэглэж хулгайгаар вольфром олборлосоор л байгаа” гэв.

Эх орны тусгаар тогтнол, эрх чөлөө, ард түмний  төлөө тууштай тэмцэж  энх цагийг бидэнд авч ирсэн цогтой тэмцэгч Ард Аюушийн нутагт өнөөдөр Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалах хууль ноцтой зөрчигдөж байна.

Эрүүгийн хуулийн 214.3.д тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсхүл химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчинд их хэмжээний хохирол бусад хүнд хор уршиг учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн зуун тавиас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 

А.Бямбасүрэн

Related news
Comments