"Яндангаа хөөльe" өдөрлөг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний
хөтөлбөр, "Яндангаа хөөльe" аяны хүрээнд Онцгой байдлын газраас
Дархан сумын 6 дугаар багийн 38 өрхийн төлөөллийг оролцуулан зөвлөгөө,
мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд гэр, байшингийн орчинд гал түймэр гарах
эрсдэлээ тодорхойлж угаарын хийн хордолтоос хэрхэн сэргийлэх талаар ярилцахаас
гадна, галын аюулгүй байдлын тухай хууль,
Зөрчлийн тухай хуулийн иргэний эрх, үүрэг, хариуцлагын талаар хичээл сургалт хийж гарын авлагаар хангасан аж.
Энэхүү
аян нь Улаанбаатар хотоос эхэлсэн бөгөөд аймгийн төвүүдийн гэр хорооллын айл
өрхүүдийн гишүүдэд зориулан аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалт,
мэдээлэл өгч байна. Өнгөрсөн жилээс эхлэн нийслэлд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж
эхэлснээс хойш түүнийг зөв
хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх,
гаралтыг бууруулах зорилгоор БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын баталсан удирдамжийн
дагуу “Яндангаа хөөлье” аяныг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар
сарын 20-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа
ажээ.
Бүртгэгдсэн угаарын хийн хордлогын
шалтгаан нөхцөлийг нь авч үзвэл зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл
муутай, зуух яндангийн холбоос засвартай, яндан хөө тортогтой, үнс дүүрсэн,
түлш буруу түлсэн, яндан намхан, яндангийн сойлт хаасан зэргээс үүдэлтэй
байдаг аж.
Тиймээс
зөвхөн шахмал түлш бус түүхий нүүрс хэрэглэж буй айл өрхүүд ч угаартах
эрсдэлтэй учир орон даяар урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлж байгаа ажээ. Галлагааны улиралд зуух, пийшин,
яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөх, хүхээгийн
хаалтыг хаасан зэргээс шалтгаалан угаартах нөхцөл бүрдэж, иргэдийн эрүүл мэнд,
амь нас хохирох хүртэл эрсдэл үүсдэг. Иймд иргэд та бүхэн аянд идэвхтэй оролцож, мэргэжлийн
байгууллагаас өгч буй аргачлал, зөвлөмжийг дагаж, өөрийн болон хайртай
хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд
идэвхтэй оролцохыг уриалж байна.