Австралийн монгол ээж

МОНГОЛ УЛСЫН ТУХАЙ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2020-09-23 10:40:30

                   Улаанбаатар /МОНЦАМЭ/.


БАДАМЛЯНХУА


Шинэхэн танил болох Г.Зундуй болон түүний найзуудтай хамт Гачууртад байрладаг “Бадамлянхуа хүүхдийн асрамжийн төв”-ийг хэд хоногийн өмнө зорьсон юм. Замдаа бид тус төвийн хүүхдүүдэд зориулж урьдчилан бэлтгэсэн бяцхан тоглолтоо үзүүлэх мөчийг сэтгэл догдлон хүлээж, бас тэр талаар ярилцсаар явлаа. Г.Зундуйтай би тус төвийг зорин яваа эл өдрөөс хоёр хоногийн өмнө танилцсан билээ. Тэрбээр найзуудтайгаа хамтран “HUR” хэмээх продакшныг байгуулж, урлагийн салбарт хүч сорьж яваа шинэхэн залуу уран бүтээлч юм.

Замын туршид миний яриа дэлгэн яваа өөр нэг хүн бол зорин яваа газрын хүмүүжүүлэгч багш И.Дэлгэрмаа байв. Бидний яриа мөн л “Бадамлянхуа асрамжийн төв”-ийн хүүхдүүд, тус газрыг санаачлан байгуулсан хүмүүсийн тухай байсан нь мэдээж. 

Бадамлянхуа хүүхдийн асрамжийн төвийн багш И.Дэлгэрмаа  

“Бадамлянхуа хүүхдийн асрамжийн төв”-ийг 1995 онд Диди Ананда Маргагийн санаачилгаар үүсгэн байгуулжээ. Өдгөө 25 дахь жилдээ хүүхдийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа аж. Тус асрамжийн газар нь Гачууртад байрлахаас гадна, Улаанбаатар хотын төвд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд” зориулсан байртай. Мөнхүү Эрдэнэт хотод өсвөр насны хөвгүүдэд зориулсан байрыг тус тус бий болгон үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин И.Дэлгэрмаа “Манай байгууллага хандиваар л санхүүждэг. Коронавирусний халдвар гарснаас хойш зардлаа танах үүднээс Нийслэл болон Эрдэнэт хот дахь салбарын үйл ажиллагаагаа зогсоосон. Диди одоо Австралид хөл хорионд байгаа учраас бид ёстой баларч байна аа” хэмээв. Мөн цаашлан “Гэхдээ манай төвийг хариуцсан менежер Болормаа түүнийг орлож, хүмүүжүүлэгч багш Г.Сүглэгмаа, бүлгийн багш А.Отгонцэцэг, тогооч Е.Батбилэг, эмч  Г.Сайнбуян нар ажлаа хариуцлагатай хийж байгаа учраас Дидиг байхгүйд тэсэж л байна.  Сая 25 жилийн ой болсон чинь анхдагч хүүхэд гэхэд 350 гаруй хүн ирсэн. Тэдний эхнэр, нөхөр, хүүхэд гээд л шороон түмэн хүн... /инээв/ Анх орон гэргүй, бусадтай нийтэч харилцаж чаддаггүй байхдаа асрамжийн газарт ирсэн тэдгээр анхдагч нарын дунд өнөөдөр амьдралаа сайхан авч яваа цөөнгүй хүн байгаад бид их баярладаг. Цагаан сар болоход бид насны ангиллаар нийт 500 хүүхдийн бэлгийг цуглуулна. Түүнийгээ хуваарилж боодол бэлтгэсний дараагаар бэлэгний уутан дээр хүн тус бүрийн нэрийг бичиж бэлддэг.  Энэ ажилд дор хаяж 3-5 хоног зарцуулна. Харин Диди маань Монголын бүх дэлгүүрийг хаана, хаана байршилтайг яг таг сайн мэднэ. Тиймдээ ч хаана бараа бүтээгдэхүүн хямдарсан байна, тэр л газарт явж байна шүү дээ. Ийнхүү явахдаа намайг дагуулаад явдаг юм. Сүүлдээ би ядраад “Та ганцаараа яваад сонгочих, бид таны сонгосныг очоод авья” гэнэ. Тийн хэлэхэд минь “Яагаад..! Та хамт явж байж л туршлагатай болно шүү дээ” гэдэг... Ийнхүү зорин очиж буй газарт машин маань зогсох хүртэл бидний хөөрөлдөөн хөвөрсөөр байлаа.

ДИДИ

Диди Ананда Марга 

Уг нь Диди Токиод байдаг цэцэрлэгт бясалгалын багшаар ажиллаж байжээ. Гэвч цэцэрлэгийг өөр хүн хариуцаж ажиллуулах болж, улмаар түүний визний асуудал сөхөгдсөн байна. Харин Дидид шинэ боломж нээж өгөхийн тулд тус улсын “Бясалгалын төв”-өөс хэд хэдэн орныг санал болгов. Мэдээж түүний сонголт нь Монгол Улс байлаа. Австрали улсын иргэн Диди Ананда Марга хэмээх залуухан, 33 настай бясалгалын багш Монголд ирээд ээж аав нь хайхардаггүй, эрүүл чийрэг гэмээргүй, гудамжинд аж төрдөг баймаар хэдэн хүүхэд гэртээ огт харихгүйгээр үл барам, хааяа цэцэрлэг өөд харан санаа алдахыг Дидид хэд хэдэн удаа харжээ. Очиж уулзахад нь уух ус, чихэр жимс асууна. Диди дуртай нь аргагүй авч өгөх ба зарим нь арьс өнгөний өвчтэйг анзааран сэтгэл ихэд эмтэрчээ. Ингээд тэр хүүхдүүдэд тусалж, өвчнийг нь хүртэл анагааж өгөв. Харин өнөөх хүүхдүүд гудамжинд байдаг бусад найз нөхдөө дагуулан ирсэн байна. Тэдний төрүүлсэн эцэг эх нь архинаас хамааралтай болж, зарим нь өнчирч хоцорчээ. Хар бага наснаас сэтгэлийн зовлон үзэж, зодуур нүдүүрийг хангалттай амссан, хүйтэнд даарч, халуунд цангасан бяцхан үрсийн ирээдүйд гэрэл байсангүй. Харин Дидиг ширтэж зогссон тэр л жаахан хүүхдүүдийн харцанд нь итгэл найдварын жижигхэн оч сүүмэлзэнэ.

Диди Яармагийн хүн зон битүү шавсан гэр хорооллын жижигхэн талбайн нэгэн хашаанд тусламжаар хэд хэдэн гэр бариулж 150-иад хүүхдийг асарч хамгаалан, хоол ундаар хангах, сурган хүмүүжүүлэхийн төлөө зориг шулууджээ. Ингэж л бүх зүйлс эхэлсэн байна.

Цагаан сараар Диди хүүхэд бүрт тусгайлан бэлэг бэлддэг 


Бидний ихэнх нь Австралид суугаа монгол гэж сонссоноос бус Австралийн МОНГОЛ гэж огт дуулаагүй. Харин Диди бол Австралид төрсөн боловч хувь заяагаа монгол хүүхдүүдийн ээж болгож өөрчилсөн хүн. Тэр гаргасан шийдвэртээ тухайн үедээ огтхон ч эргэлзээгүй мэт санагдана. Хэзээ нэгэн цагт эргэж буцахгүйгээр гаргасан шийдвэртээ бат зогсож, монгол хүүхдүүдтэй хувь тавилангаа холбосон байна. Тэрбээр хүүхдүүддээ “Хэрвээ чи өөрөө хүсэж, түүнийхээ төлөө хичээж чадах л юм бол амжилтад заавал хүрч чадна” гэж үргэлж захидаг аж. Энэ нь магадгүй хүн ямар ч нөхцөлд амьдарч байсан өөрөө л хичээж, хөдөлмөрлөж чадвал сайхан амьдралыг бүтээж чадна гэж хэлэхийг хүссэн биз ээ.


АМТАТ ПИЦЦА


Бидний анх асрамжийн төвийн хашаанд ороход тус газрын хүүхдүүдийн амьдардаг зургаан байшин уулын налуу энгэрт байрласан нь үзэгдэв. Тэдгээр байшин тус бүр нь “Baby”, “Dream”, “Lucky”, “Mickie”, “Glamour”, “Boys” зэрэг өхөөрдөм хөөрхөн нэртэй. Чөлөөт цагаараа хүүхдүүд сагс болон гар бөмбөгөөр зугаацаж тоглоомын талбайдаа тоглож цагийг өнгөрүүлдэг байна. Харин “School house” хэмээх тусдаа сургалтын танхимтай байшинд хичээллэх боломжтой. Мөн асрамжийн төвөөс хүүхдүүдэд зориулж сайн санаат хүмүүсийн дэмжлэгтэйгээр “Амьдрах ухааны сургалтын төв”-ийг байгуулжээ. Сургалтын төвд оёдол, мужаан, үсчин гоо сайхны өрөө түүнчлэн бэйкири хаус байрладаг.



Тэрхүү Бэйкири хауст “Hur” продакшны залуус авчирсан хүнсний материалаа ашиглан хүүхдүүдтэй хамт амтат пицца, торт, кап кэйк хийлээ. Харин хүүхдүүд том, жижиг гэлтгүй бүгд зүгээр сууна гэж үгүй. Хаашаа л харна угааж, арчиж, зүлгэж байгаа хүүхдүүдийг эндээс харж болно. Эгч, ах нар нь бяцхан дүү нартаа тусалж, жигтэйхэн эв найрамдалтай байдаг нь мэдрэгдэж байв. Хүүхдүүдийн ярьж буйгаар “Хоорондоо үл ойлголцох үе гарч л байдаг. Гэхдээ бид мэдээ орсон цагаасаа хойш хамт өссөн учраас “нэг сайхан гэр бүл шиг” дулаан уур амьсгалтай байдаг” гэх нь тэр. Үнэхээр л тэд халуун дулаан хамт олон шиг, бие биедээ санаа тавих хайр үнэртсэн нэг гэр бүл байлаа.

Хүмүүжүүлэгч багш Сүглэгмээ ийн ярьсан юм. “Манай хүүхдүүдэд 8 жилийн өмнө Австрали мэргэжлийн тогооч ирж, сургалт зохион байгуулсан. Чингэхдээ зааж сургасан бүхнээ “сургалтын материал” болгон үлдээгээд явсан. Энэ номд байгаа бүх нарийн боов, кэйк, хоол хийх аргыг хүүхэд бүр мэднэ. Тиймийн учир бид гаднаас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авдаггүй. Болж л өгвөл өөрсдөө бие дааж хийхийг хичээдэг. Баяр ёслол, төрсөн өдөр, тэмдэглэлт өдрүүдийг бөөнөөрөө хамтарч тэмдэглэх бөгөөд өөрсдийн гараар хийсэн хоол, хүнсийг хэрэглэдэг юм”.

Хүүхдүүд түүгээр ч зогсохгүй эвдэрч хэмхэрсэн сандал ширээгээ янзалж, ноорч урагдсан цамц, оймсоо өөрсдөө оёчихдог байна. Энэ бол нэг талаараа амьдрах ухааны сургалт юм. Насанд хүрсэн хойно тус төвөөс явж бие даан амьдрах болоход өөрийгөө маш сайн бэлтгэсэн байх шаардлага тэдэнд  тулгарна. Нөгөөтэйгүүр тэднийг бие хүн болгож төлөвшүүлэхэд бүх л багш нар анхаарч, сэтгэлээ чилээж ажилладаг аж.

Гэтэл бусад хүүхдүүдэд насанд хүрсэн ч гэсэн ар гэрийнхэн нь анхаарч, тусалсаар байдаг. Харин эдгээр хүүхдэд тийм боломж олдохгүй учраас л амьдрах ухааны сургалтад давхар бэлтгэгддэг ажээ.

Хэсэг завсардсан яриагаа Сүглэгмаа багш бид хоёр цааш үргэлжүүлэв. Тэрээр “Ер нь мэргэжлийн хүмүүсээр төрөл бүрийн сургалт зохион байгуулж, хүүхдүүдийн мэдлэг боловсролд хөрөнгө оруулмаар байдаг. Гэхдээ тэр бүр боломж нөхцөл нь олдохгүй юм. Уг нь бид хүүхдүүдийнхээ боловсролд л маш их анхаардаг. Захирал маань Австрали хүн учраас асрамжийн төвийн хүүхдүүд англиар чөлөөтэй ярьдаг. Гэхдээ монгол хэл, соёлыг нь алдагдуулахгүй байхад онцгой  ач холбогдол өгдөг. Саяхан “Элит” ахлах сургууль,  ESM буюу “The English school of Mongolia” ахлах сургуулийг тус бүр нэг хүүхэд төгсөж, “Хүмүүнлэгийн ухааны их сургууль” болон ШУТИС-т орсон. Мөн энэ жил “Их Засаг Олон Улсын Их сургууль”-ийг нэг хүүхэд төгссөн байгаа. ШУТИС-т сурч байгаа хүүхэд нь багаасаа “Бэйкири хауст” л өнждөг жаал байлаа. Тийм учраас одоо бол бүх л төрлийн нарийн боов, бялууг маш сайн хийж чаддаг болсон. Энэ ур чадвартаа түшиглээд сургуульдаа ажрахгүй суралцаж байгаа” гэлээ. Ийнхүү бидний ярианы төгсгөлд аль хэдийн амтат пицца, бялуу бэлэн болсон байв.  




“HUR” ПРОДАКШНЫ АВЬЯАСЛАГ ЗАЛУУС


Нийтлэлийн эхэнд уншигч танд хэдийн танилцуулсан “Hur” продакшны залуус өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоо үзүүллээ. Тэднийг үзэж суусан бяцхан хүүхдүүдийн нүүрэнд баярын мишээл тодрох ба шинэхэн амтат пицца, кап кэйк, бялуугаа идэцгээн ийнхүү тухлах нь таатай санагдсан бололтой.



Тоглолтод бяцхан охидын “EGGA” хамтлаг хүрэлцэн очсон. Үеийн хоёр охин дуулж байхыг харсан хүүхдүүдэд их л сонирхолтой санагдсан бололтой алга ташиж, зарим нь анхааралтай чагнана. “Hur” продакшны стилист Г.Хонгорзул “Бид Кино урлагийн дээд сургуулийн 4 дүгээр курсийн оюутнууд. Продакшнаа байгуулаад хоёр жил болж байна. Өнөөдөр хоёр жилийн ойгоороо энэхүү сайн дурын тоглолтыг хийж байгаадаа баяртай байна. Жилийн ойн тэмдэглэлт баяраа энэ бяцхан үрстээ цуг тэмдэглэж өнгөрүүлснээ үргэлж дурсах байх даа” хэмээв. Тэрээр цахим ертөнцөд хүмүүсийн анхаарлыг татаад байгаа “EGGA” хамтлагийн хувцас, загварыг хариуцаж ажилладаг буюу хамтлагийн охидыг “Baby girl” имижээр өнгө төрхийг нь бүрдүүлэхийг хичээсэн гэдгээ дурдсан юм.


Цаашид “Hur” продакшны залуус олон уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа аж. “EGGA” хамтлагийн Уянгын ээж Б.Цог-Юүрэн охидыг дагуулан ирсэн байлаа. Тэрээр “Манай охин цэцэрлэгт байхаасаа л дуулж, бүжиглэхээс гадна их хөөрхөн шүлэг уншдаг байсан” хэмээнэ. Б.Цог-Юүрэн охиноороо маш их бахардаг нь илт. Багаас нь л дэмжиж тусалдаг байсан тэрээр охиноо урлагийн хүн болно гэдэгт нь бүрэн дүүрэн итгэдэг байжээ. Харин Уянга бага байхаасаа л “Ээжээ би улаан хивсэн дээгүүр таныгаа дагуулаад алхана” гэж хэлдэг байсан байна.

Тоглолт хүүхдүүдийн баяр хөөр, хүмүүжүүлэгч багш нарын халуун дулаан алга ташилтан дор өндөрлөв.


АМЬДРАЛ ТӨГСӨШГҮЙ


Асрамжийн төвд байрладаг зургаан байшин тус тусдаа өхөөрдөм нэртэй тухай дээр дурдсан. Эдгээрийн  “Baby house”-д хорин хүүхэд байрлах бөгөөд  дотроо тоглоомын болон унтлагын өрөөтэй. Харин “Lucky house”-д 11 хүүхэд бий. Мөн тус газарт хүүхдүүдийн боловсролд зориулсан англи, монгол хэлний номын сан байдгаас гадна тэдний сонирхол бүрт тусгагдсан урлаг болоод гимнастикийн өрөө бий. Өдгөө бид техник технологийн эрин зуунд амьдарч буй. Асрамжийн төвийн хамт олон ч бас үүнийг сайтар мэддэг учраас хүүхдүүдэд зориулж тусад нь комьпютерын өрөө ч байгуулж өгчээ. Үнэхээр тэнд дутах юм алга. Харин зарим нэг үйл ажиллагаа явуулахад мөнгө санхүү, эдийн засгийн асуудал учрах нь мэдээж. Гэвч сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар тэд хүндрэлийг яаж ийгээд л давна. Учир нь амьдрал хэзээ ч төгсдөггүй, цаашид үргэлжилсээр байдаг шүү дээ.

Хүүхдүүд тоглох, орон гэртээ байх, амьдралын ухаанд суралцахаас гадна хамгийн гол нь хувь хүний эрүүл мэнд чухал. Тиймээс ч асрамжийн төвийн хамт олон хүүхдүүдээ “эко бүтээгдэхүүн”-ээр хийсэн хоол хүнсээр хангах зорилгоор өөрсдийн гэсэн тариалангийн хүлэмжтэй болжээ. Тэд өргөст, улаан лооль зэрэг хүнсний ногоо тариалж эхний ургацаа саяхан авчээ.

Хүмүүжүүлэгч багш Сүглэгмаа “Hur” продакшны залуус бидэнд өнөөдөр тоглолт зохион байгуулж өглөө. Хүүхдүүдэд маань таалагдсан гэдэг итгэлтэй байна. Ер нь жил бүрийн баяр ёслол болоход Г.Зундуй сайн дураараа ирж урлагийн тоглолтыг зохион байгуулахаар барахгүй өөрөө хөтөлж өгдөг. Тиймээс энэ залуучуудад хүүхдүүдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөгийн залуучууд, хүүхдүүд их өөр сэтгэлгээтэй болсон. Тэр сэтгэлгээ, сэтгэл нь дандаа л бусдын төлөө чиглэгдсэн байдаг” хэмээлээ. Өнөөгийн нийгэм дотроос бид “хүн чанар”-ыг хайх болсон нийгэмд бусдын төлөө гэсэн нэгээхэн ч үйлдлийг гаргахгүй бол  “хайр, сэтгэл” гэгч зүйл алга болно. Тиймээс л энэ асрамжийн газарт тусалсан хүмүүс, бусад хүүхдийн ээжийн оронд ээж, аавын оронд аав болж яваа багш нарын ачаар олон арван хүүхдүүд эрүүл энх, саруул сайхан өсөж торниж байна. Энэ л өнөөдрийн нийгэм дэх хамгийн гэрэл гэгээтэй зүйл билээ. 

Related news