Сайншанд суманд мал эмнэлгийн лабораторийн барилгын ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Саншанд суманд мал эмнэлгийн лабораторийн барилга угсралтын ажил эхэллээ.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны “Ургамал, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” МОН-33113 хамтарсан төслийн хүрээнд 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан мал, амьтны халдварт болон халдварт бус өвчин, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр,хор судлал, эмийн үлдэгдэл зэрэг оношилгоо, шинжилгээг орон нутагтаа шуурхай гүйцэтгэх зорилгоор дээрх барилгыг барьж буй.Барилга угсралтын ажлыг “Өгөөмөрөн Шанд” ХХК гүйцэтгэж байна.
Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг “Өгөөмөрөн Шанд” ХХК-ийн захирал, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газрын дарга, хариуцсан албан хаагчидтай уулзаж, барилга угсралтын ажлыг графикт хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг үүрэг болгосон байна.
Барилгын ажлын явцын мэдээллийг долоо хоног бүр танилцуулахыг гүйцэтгэгч компанийн захиралд, гүйцэтгэлийн явцад тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газрын дарга нарт тус тус даалгав.