П.Эрдэнэбаяр: 23 бүл зөгийнөөс жилд дунджаар 200 кг бал хураан авдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган суманд
зөгийн аж ахуй эрхлэж
байгаа зөгийчин П.Эрдэнэбаяртай уулзлаа.
Зөгийчин П.Эрдэнэбаяр: -“Зөгий нь олон төрөл зүйл байх боловч түүний дотроос бүл бүлээрээ нийгэмч маягийн зохион байгуулалттай амьдардаг балт зөгийг хүмүүс гаршуулж, арчилж өсгөн түүний бүтээгдэхүүнийг авч ашигласаар ирсэн уламжлалтай. Миний хувьд зөгий арчлан үржүүлэх аргыг эцэг эхээс суралцсан юм. Одоо 23 бүл зөгий үржүүлж байна. Жилд дунджаар 200 кг бал хураан авдаг. Энэ нь сумын иргэдийн зөвхөн хоёроос гурван сарын хэрэгцээг хангах боломжтой юм. Өнөөдөр манай нутгийн иргэд зөгийн бал авах, ашиглах эрэлт хэрэгцээ өндөр байна. Тиймээс зөгийн аж ахуйгаа эрчимтэй хөгжүүлж, сумынхаа нийт хүн амыг цэвэр, байгалийн гаралтай зөгийн балаар бүрэн хангахыг зорьж байна. Ойролцоогоор 80 бүл зөгий арчлан үржүүлэхэд нэг тонн гаруй бал хураан авах, орон нутгийн хэрэгцээг хангах боломж бүрдэхээр байна гэсэн тооцоолол бий. Тэр ч утгаараа сүүлийн үед зөгий үржүүлгийн ажилд анхаарч, Увс, Сэлэнгэ аймгаас зөгий авсан. Зөгийн аж ахуй эрхлэхэд гэр бүлийн гишүүдийн оролцоо, дэмжлэг чухал үүрэгтэй байдаг. Бүгд хамтдаа хөдөлмөрлөх сайхан” гэв.
Сонирхуулахад зөгийн
бал нь олон
жил чанараа алддаггүй, хөгцөрч мууддаггүй ариутгагч шинж чанартай. Баланд нь 18
хувийн ус, 80 хувийн чихэрлэгийн
зүйл байдгаас гадна цардуул, уураг, A, B, C витамин, янз бүрийн хорт бичил
махбодыг устгагч зэрэг нийт 100 гаруй төрлийн бодис агуулагдсан байдаг. Тиймээс
зөгийн балыг хүнс тэжээлээс гадна биеийн байдлыг сайжруулах, тайвшруулах, ханиад, хүүхдийн амны гэмтэл, түлэнхий, элдэв шарх зэрэг өвчин анагаахад
ашигладаг аж.