Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 11:17:16

Хэнтий аймгийн сонгуулийн хороонд 2016 оны аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихийг горилогчид бүртгүүллээ.

Нийт дөрвөн намын нэр дэвшигчид, нэг бие даагч материалаа ирүүлжээ. Тэдний материалыг сонгуулийн хороо хүлээн авч, энэ сарын 17-ны дотор аудитын байгууллагатай хамтран шалгаж, эцсийн байдлаар нэр дэвшигчдийг зарлах юм.

Энэ оны аймгийн ИТХ-ын сонгуульд оролцохоор хамгийн түрүүнд Иргэний зориг намаас нэр дэвшигчдээ бүртгүүлсэн бөгөөд тус намаас нийт 10 нэр дэвшигч бүртгүүлснээс нэг нь ар гэрийн гачигдлаар нэрээ татаж, есөн хүний материалыг сонгуулийн хороонд хүлээлгэн өгчээ.  Харин АН, МАН-аас Хэнтий аймагт тус бүр 39 нэр дэвшигч бүртгүүлсэн. МАХН-ны хувьд материалаа хараахан өгөөгүй байгаа аж.

Хэнтий аймгийн сонгуулийн хорооны дарга Ө.Цогбадрах,“Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль энэ жил 25 тойрогт, 39 мандатын төлөө явагдана. Нэр дэвшигчдийг албан ёсоор энэ сарын 17-нд хуулийн дагуу зарлана. Үүнээс өмнө нэр дэвшихээр горилогчдын хувьд элдэв хуулийн хязгаарлалтгүйгээр мэдээлэл, түгээх болон бусад эрх нь нээлттэй байна" гэв.

Бие даагчийн хувьд өчигдөр материалаа эцсийн байдлаар хүлээлгэн өгсөн гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news