Хурдан азарганы уралдаанд Б.Ганбатын хар түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-07-11 20:34:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99, Дорноговь аймаг байгуулагдсаны 89, Сайншанд сум байгуулагдсаны 59 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 50 гаруй хурдан буян гарааны зурхайгаас эргэхэд Сайхандулаан сумын уяач Батхүрэлийн Ганбатын хурдан хар азарга түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүнд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын аймгийн алдарт уяач Шаравын Энхтүвшингийн хүрэн халзан азарга хурдалсан бол, айргийн гуравт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдарт уяач Н.Мөнхтүвшингийн хар азарга, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уяач Батчулууны Хүдэрболдын хүрэн халзан азарга, айргийн тавд Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Б.Насанжаргалын буурал азарга тус тус хурдлав.

Баяр наадмын комиссын шийдвэрээр энэ жилийн наадмын хурдан морьдын уралдаанд зөвхөн Дорноговь аймгийн харьяат уяачдын морьд уралдаж байгаа юм. Дашрамд дурдахад Дорноговь аймгийн  “Хутагтын хурд” морин спорт уяачдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан азарга” наадмыг энэ жилийн баяр наадамтай хамтатган зохион байгуулж байгаа аж.


Б.Банзрагчийн буурал соёолон магнайллаа


Ардын хувьсгалын 99, Дорноговь аймаг байгуулагдсаны 89, Сайншанд сум байгуулагдсаны 59 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Дорноговь Улаанбадрах сумын аймгийн алдарт уяач Баттогтохын Банзрагчийн буурал соёолон магнайдаа тоосгүй түрүүллээ.

Аман хүзүүнд  Улаанбадрах  сумын харьяат, аймгийн алдарт уяач Хархүүгийн Сайнхүүгийн хээр үрээ, айргийн гуравт Даланжаргалан сумын аймгийн алдарт уяач Эрдэнэцогтын Чулуунзүрхийн хүрэн давхив. Айргийн дөрөвт Өргөн сумын харьяат аймгийн алдарт уяач Н.Амартүвшингийн халиун соёолон, айргийн тавд Замын-Үүд сумын аймгийн алдарт уяач Лхагвагийн Амарсанаагийн хар халзан соёолон тус тус хурдаллаа.


Аймгийн алдарт уяач Ж.Баттулгын зээрд халзан даага түрүүлэв


Ардын хувьсгалын 99, Дорноговь аймаг байгуулагдсаны 89, Сайншанд сум байгуулагдсаны 59 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд 50 гаруй хурдан буян гарааны зурхайгаас гарч уралдсан.

Хурдан дааганы тэргүүн магнайд Улаанбадрах сумын аймгийн алдарт уяач Жамьянсүрэнгийн Баттулгын зээрд халзан, аман хүзүүнд Замын-Үүдийн сумын  алдарт уяач Сүхбаатарын Ганбаатарын хул, айргийн гуравт Айраг сумын аймгийн алдарт уяач Нацагдоржийн Батжаргалын цагаан халзан даага хурдлав. Айргийн дөрөвт Даланжаргалан  сумын аймгийн алдарт уяач М.Эрдэнэбатын хонгор халзан, айргийн тавд Улаанбадрах сумын Баттогтохын Банзрагчийн шарга даага давхилаа.    

Related news