Хэнтийд 42 хүн нөхөх олговроо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-02 09:22:06

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 3216 хүн байдаг. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нөхөх олговор авах хүсэлтээ 87 иргэн өгснөөс шаардлага хангасан 66 иргэний 42 нь нөхөн олговроо авчээ.

Эдгээр 42 иргэний 23 хүн 80 сая төгрөг, 19 хүн 40 сая төгрөг авч, зургаадугаар сарын 12-ны байдлаар хоёр тэрбум 680 сая төгрөгийн нөхөх олговор авсан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 1998 онд батлагдсан. Уг хуульд 2018 оны нэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулж, тухайн үед хилс хэргээр цаазлуулсан болон шоронд хоригдож байсан хэлмэгдэгчдэд 40-80 сая төгрөг олгохоор болсон юм. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэлмэгдэгсдийг цагаатгуулах, гомдол гаргуулах хугацааг хоёр жилээр сунгаж, 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүлээж авахаар болжээ.

Хуулийн хүрээнд нөхөх олговрыг зөвхөн эхнэр буюу нөхөр, төрсөн болон үрчилж авсан, нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдийн аль нэгт нь өгөхөөр болжээ. Гэхдээ эдгээр хүмүүсээс өмнө нь байр орон сууц болон түүнийг орлосон мөнгөн олговрыг төрийн аль нэг байгууллагаар дамжуулан олгож байсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм байна.

2018 оны хоёрдугаар сард хууль хэрэгжиж эхэлснээс хойш 600 орчим хилс хэргээр хэлмэгдэгч болон түүний ар гэрийнхэн нөхөх олговор авах өргөдлөө өгөөд байгаа аж. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны байдлаар нөхөх олговорт хамрагдахаар нэхэмжлэгчийн материал хангаж бүртгүүлсэн 1650, үүнээс Засгийн газрын 21 дүгээр тогтоолын дагуу өдөр тутмын сонинд зарлагдсан 1350, Шүүхэд хандан шүүхийн шийдвэр ирсэн 827 нэхэмлэгчээс 686 нэхэмжлэгчид нөхөх олговор болох 44 тэрбум 700 сая төгрөгийг олгоод байна. Хуулийн дагуу цаазын ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нөхөн олговрыг олгож байгаа ажээ.

Монгол Улс өнөөдрийг хүртэл улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгасан бөгөөд одоогийн байдлаар шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж байгаа гэнэ.


Related news