“Сум хѳгжүүлэх сан"-гийн зээлийн гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-06-14 16:38:20

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор иргэн, аж ахуй нэгжид "Сум хөгжүүлэх сан"-гаар дамжуулан зээл олгодог. Энэ нь гарааны бизнесийг дэмжих болон ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн аж. Энэ удаад жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар Дархан сумын хэмжээнд 70 иргэн, аж ахуйн нэгж байгууллага төсөл ирүүлсэн байна
Сум хөгжүүлэх сан”-гийн журамд заасан нөхцөл шаардлагыг хангаж хоёр шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн 38 иргэн, ААНБ-д 424.5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тѳсѳл сонгон шалгаруулах зѳвлѳлийн гишүүдийн шийдвэр гарсан ажээ
Шаардлага хангасан материалыг үндэслэн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал төсөл хэрэгжүүлэгчидтэй зээлийн гэрээ байгууллаа. 

Шалгарсан төслүүдийг салбараар нь ангилбал: Шинэ техник технологи нэвтрүүлэх 7 төсөлд 70.0 сая, хүнсний үйлдвэрлэлийн 11 төсөлд 135.0 сая, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 6 төсөлд 66.9 сая, гэр хорооллын багт эмийн сан, ахуйн үйлчилгээ нэвтрүүлэх, өргөжүүлэх 3 төсөлд 35.0 сая, барилгын материал үйлдвэрлэлийн 4 төсөлд 45.0 сая төгрөг олгохоор болсон аж.

Related news