Хүрэл зэвсгийн үеийн олдворуудыг дэлгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-05-09 09:40:07

Дундговь аймгийн музей, Монголын Үндэсний музейтэй хамтран  “Хүрэл зэвсгийн үеийн урлагийн гайхамшиг” үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэн нь тус аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдийг эдийн засаг, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулах, аялал жуулчлалыг хөдөө орон нутагт татах, харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.

Уг үзэсгэлэнд 500 ширхэг хүрэл зэвсгийн үеийн олдворыг дэлгэжээ.

Дундговь аймгийн музей нь 1949 онд байгуулагдсан бөгөөд сан хөмрөгтөө 3170 дэсийн 4600 ширхэг үзмэртэй. НТӨ III-I мянган жилд хамаарах хүрлийн үеийн 700-аад түүвэр олдвор хадгалагдаж байгаа нь улс, аймгийн музейн сан хөмрөг дэх хүрлийн хамгийн олон цуглуулга юм. Хүрлийн цуглуулгад амьтны загварт хүрэл 50, хүрэл сум 350, хүрэл хутга 70, ахуйн хэрэглээний төрөл 60, гоёл чимэглэлийн хүрэл 170 ширхэг хадгалагдаж байна.

Үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл олны хүртээл болно.

Ж.Болор

Related news