Гуравдугаар үеийн халдваргүйтгэлийн ажлыг эхлэхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Онцгой комиссын ээлжит 17 дугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 16-нд боллоо.
Хуралдаанаар шинэ төрлийн корона вируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоол зэрэг бусад газарт гуравдугаар үеийн халдваргүйтгэлийн ажлыг дөрөвдүгээр сарын 18-нд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Дээрх ажлыг аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Мал эмнэлгийн газар, “Тохижилт-Сайншанд хот тохижилтын” газар, СӨХ, сумдын ЗДТГ, иргэд байгууллага хамтран гүйцэтгэнэ.
Нийтийн орон сууц, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийхтэй холбогдуулан Сайншанд сумын хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны 09:00-17:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэв.
Цаашид Сайншанд сумын гурван замын уулзварын постны үйл ажиллагааг сайжруулж нэмэлтээр хоёр алба хаагч ажиллуулах, постонд гарч буй алба хаагчдыг үр байрлуулах байраар хангах, цагдаагийн ала хаагид гэрээр ажиглалтад байгаа хүмүүст хянаүлт тавих, халдварын голомтод ажилласан алба хаагчдын илүү цагийн хөлсийг олгох асуудлыг шийдвэрлэхээр болов.
“Масктай Дорноговь” аяныг эхлэв
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн
Онцгой комиссын ээлжит 17 дугаар хуралдаанаар аймаг даяар “Масктай Дорноговь”
аяныг өрнүүлж байгааг зарласан юм.
Иргэд аж ахуй нэгжүүд маск байнга хэрэглэх, маскгүй иргэнд худалдааны төвүүд үйлчлэхгүй байх, амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд маск тараах ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо.
Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийтийн газраар маскгүй явж буй
иргэнд шаардлага тавих, шинэ төрлийн корона вируснээс урьдчилан сэргийлэх,
эрүүл мэнддээ анхаарах, шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг
албаныхан сануулсан.
Халдварын тандалтыг үргэлжлүүлж байна
Энэ оны гуравдугаар сарын 31-нээс эхлэн Сайншанд сумын гурван замын уулзварт Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшил, сургууль цэцэрлэгийн 16 эмч, 24 цагаар ээлжлэн ажиллаж эрүүл мэндийн хяналт хийж байна.
Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 28 хүн байгаа аж. Гадаад орны голомттой бүсээс ирж тусгаарлагдсан 14 хүний судалгааг гаргажээ. Одоогоор Сайншанд суманд найм, Замын-Үүд суманд нэг хүн байгаа хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Сайншандаас бусад сургууль, цэцэрлэгийн дулааныг зогсоолоо
Шинэ төрлийн коронавируснээс урьдчилан сэргийлэх
зорилгоор улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод
байгаа. Дулааны улирал ирсэнтэй холбогдуулж Сайншанд сумаас бусад бүх боловсролын байгууллага цэцэрлэг, сургуулийн
дулааныг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн зогсоож байна. Учир нь сургууль
цэцэрлэг ажиллаагүй учир дулааны алдагдлыг багасгах зорилгоор ийн шийдвэр
гаргажээ.
Иргэд аж ахуй нэгжээс 597 орчим сая төгрөгийн хандив
цугларчээ
Дорноговь аймгийн Онцгой комиссын ажлыг дэмжиж
байгууллага аж ахуй нэгжүүдээс нийт 597 орчим сая төгрөгийн хандив цулгарчээ.
Үүний 499 орчим саяыг шинэ төрлийн коронавируснээс урьдчилан сэргийлэж ажилд
зарцуулсан байна. Тухайлбал аймгийн Онцгой байдлын нөөц бүрдүүлэх, онцгой нөхцөлд хэрэглэх зорилгоор 20
мянган амны хаалт, 1000 ширхэг нэг удаагийн хувцас, онцгой байдлын үед хэрэглэх
зургаан гэр, 20 гаруй сая төгрөгөөр ариутгалын бодис зэргийг нөөцөлсөн байна.