Баруун бүсийн авто замын төслийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-23 18:13:15

Баруун бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн Толбо нуур-Хашаатын даваа, Хашаатын даваа-Шургийн гүүр, Цагаан нуур-Улаан байшинт чиглэлийн 3 багц замын ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо.


Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, Зам барилгын ажлын хяналт, зөвлөхийн багийн ахлагч Ч.Энхжаргал, "Чайна Хуаши" компанийн орлогч захирал У Юун болон тус компанийн инженерүүд мөн төслийн гүйцэтгэлийг хянах компанийн албаны хүмүүс, инженерүүд, Ховд, Баян-Өлгий аймгийн иргэд, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцов.
Баруун бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн хүрээнд Улаан байшинт-Цагаан нуур - 25,8 км, Толбо нуур- Хашаатын даваа – 60 км, Хашаатын даваа-Шургийн гүүр- 50 км нийт 135,8 км замын барилгын ажлыг 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээлжээ.
Тус нээлт дээр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлсэн үгэндээ дээрх 3 багцын 135,8 км авто зам ашиглалтад орсноор БНХАУ, ОХУ хоорондын тээвэр ложистикийн харилцаа өргөжих цаашлаад эдийн засгийн олон боломж бүрдэнэ. Мөн энэ зам Ховд, Баян-Өлгий аймгийн зам бус олон улсыг холбосон авто зам болон өргөжин хөгжих эхлэл тавигдаж байна хэмээн онцолсон юм.

А.Бямбасүрэн 

 

Related news
Comments