Ялалтын баярт зориулан Монгол, Оросын уран бүтээлчид тоглолт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-25 16:53:45

ОХУ-ын ЭСЯ, Серж Меценат сангийн санаачилгаар ах дүү хоёр ард түмэн, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жил, Аугаа их ялалтын 71 жилийн ойн хүрээнд “ВЕЛИКАЯ ПОБЕДА!” Орос-Монголын уран бүтээлчдийн хамтарсан баярын тоглолт ирэх сарын 09-нд  “Corporate” зочид буудлын Convention концертын танхимд  болно.

Тоглолтын ерөнхий удирдаачаар ОХУ-ын Красноярскийн ДБТ-ын ерөнхий удирдаач, ОХУ-ын Гавьяат жүжигчин А.П Чепурной ажиллаж байна.

Тоглолтод Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон цэрэг, эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй  Катюша, Синий платочек, Смуглянка,   Темная ночь, Севастопольский вальс, аугаа их ялалтын сүлд дуу болсон “День Победы” дууг эгшиглэх юм.

Тоглолтод ОХУ, Монголын шилдэг нийт 180 гаруй уран бүтээлч оролцоно. Дашрамд дурдахад, Дэлхийн хоёрдугаар дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан түүхтэй. Энэ дайн нийт 60 сая гаруй хүний алтан амийг авч одсон юм. Монголчууд эх орны дайнд биеэр оролцоогүй ч эд материал, сэтгэл санааны асар их дэмийг Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан. Эх орны дайны жилүүдэд Монголчууд Оросын улаан армид 6 ээлжээр, галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулснаас гадна Т-34, Т-70 маркийн 53 танкнаас бүрдсэн “Хувьсгалт монгол”, Ла-5 маркийн 12 онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилыг бэлэглэж байсан түүхтэй.

Ж.Болор

Related news