АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтаас гарах Тунхаглалын төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-21 19:44:51

Ази, Европын парламентын түншлэлийн /АЕПТ/ 9 дүгээр уулзалтын Төслийн хорооны хурлаар өнөөдөр Нэгдсэн хуралдаанаас гарах Тунхаглалын төслийг хэлэлцэж баталлаа. 

Төслийн хорооны хурал Төрийн ордны хуралдааны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж, УИХ-ын гишүүн С.Оюун даргалан, АЕПТ-ийн уулзалтад хүрэлцэн ирсэн улс орнуудын парламентын төлөөлөгчид оролцлоо. Тунхаглалын төслийг уулзалтад оролцох орнуудын парламентын төлөөлөгчдөд урьдчилан хүргүүлж, ирүүлсэн саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж эцсийн хувилбарыг уулзалтад оролцож буй орнуудын парламентын төлөөлөгчдөд тараасан байна.

АЕПТ-ийн хуралдааны журмын дагуу хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн С.Оюун Тунхаглалын төслийг заалт тус бүрээр нь парламентын гишүүдэд уншиж танилцуулан саналыг нь сонсов. Парламентын төлөөлөгчид Тунхаглалын төсөлтэй холбогдуулан саналаа хэлж, төслийн зарим заалтыг өөрчлөн найруулах, утга агуулгыг сайжруулах зэрэг засвар оруулан нэгдсэн байр суурьт хүрсэн тул Тунхаглалын төслийг маргааш үдээс хойш болох Нэгдсэн хоёрдугаар хуралдаанд оруулж батлуулахаар тогтов.

Тунхаглалын төслийг хэлэлцэхэд Ази, Европын улс орнуудын парламентын төлөөлөгчид идэвхтэй оролцож, үнэтэй санал гаргаж төсөлд тусгуулан ажил хэрэгчээр хандсанд нь Төслийн хорооны хуралдааныг даргалсан УИХ-ын гишүүн С.Оюун талархал илэрхийлсэн юм.

Тунхаглалын төслийг маргааш Төслийн хорооны хурал даргалагч С.Оюун Нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын Нэгдсэн хуралдааны төгсгөлд батлах журамтай. Энэхүү баримт бичигт АЕПТ-ийн үүрэг болон хоёр тивийн цаашдын хамтын ажиллагаанд гүйцэтгэх парламентчдын үүрэг, оролцоог тусгахаар төлөвлөжээ. 

Төслийн хорооны хурлын өмнө Бэлтгэл хуралдаанаар маргааш болох АЕПТ-ийн хоёр салбар хуралдаан болон Нэгдсэн хуралдаанд илтгэл тавих орнуудын төлөөлөгчдийг хэлэлцэж тогтжээ. Уулзалтын орчуулгыг англи, монгол, орос, хятад, япон, итали хэлээр явуулах юм байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news