80 метрийн гүнтэй ухаалаг худгийг ашиглалтад оруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх, нийгэмд сайн сайхан зүйлийг хийх зорилготой JCI Дархан салбар байгууллагын санаачилгаар иргэдийн ундны эх үүсвэрийг шийдэж өглөө. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй энэхүү усан хангамжийн байгууламжийг "Дархан-Ус суваг" ХК хүлээлгэн өгөх бөгөөд цаашид ч хамтран ажиллах боломжтой гэлээ. Тодруулбал JCI Japan байгууллагын санхүүжилтээр "SMILE by WATER" төсөл Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт хэрэгжиж ухаалаг худаг ашиглалтад орлоо. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор суурилагдсан тус худаг нь 80 метр гүнээс ус татдаг бөгөөд гаднаа гэрэлтүүлэг, камерыг шийдэж өгчээ. Ухаалаг системд шилжиж жилийн аль ч улиралд 24 цагийн туршид ус авах боломжийг "Дархан-Ус суваг" ХК гэр хорооллын айл өрхүүдэд нээсэн нь бас нэгэн шинэ шийдэл давуу тал болсон аж.
Энэхүү төсөл нь цаашид Дархан сумын
15, малчин багт хэрэгжих юм байна. Тус худаг ашиглалтад орсноор гэр
хорооллын иргэд ундны цэвэр усаа найдвартайгаар, цаг хугацаа алдалгүй гэрийнхээ
хажуунаас авах боломжтой болжээ.