10 дахь удаагийн “Олон улсын Манга шагнал” бүтээлийн бүртгэл эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-20 17:06:10

Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулж буй "Олон улсын Манга шагнал" бүтээлийн тэмцээний бүртгэл эхэллээ.

Тус шагналыг тухайн үеийн Японы Гадаад хэргийн сайд Асоо Тароогийн санаачилгаар 2007 оны 5 сард анх зохион байгуулсан юм. Түүнээс хойш гадаадын улс орнуудад манга-гийн соёлыг нэвтрүүлж манга-гаар дамжуулан олон улсын харилцаанд хувь нэмрээ оруулсан манга зураачдыг урамшуулах зорилгоор өнөөг хүртэл жил бүр зохион байгуулж байна.

Ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн шилдэг нэг бүтээлд "Олон улсын манга шагналын Гран при шагнал", удаах 3 бүтээлд "Олон улсын манга шагналын шилдэг шагнал"-ыг тус тус олгох юм. Шагнал хүртсэн бүтээлийн зохиогчид Япон сангийн урилгаар шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцохоор Япон улсыг зорих юм. Энэ үеэр Японы манга зураачидтай санал бодлоо хуваалцах, хэвлэлийн компаниар зочлох, орон нутгаар аялах аж.

Бүтээлийг ирэх зургадугаар сарын 17-ныг хүртэл Японы ЭСЯ, Соёл мэдээллийн хэлтэст хүлээн авна.

Дашрамд дурдахад, 8 дахь удаагийн олон улсын Манга уралдаанд 60 гаруй орны 300 орчим бүтээл өрсөлдсөнөөс “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн зурган номын зохиолч, зураач Н.Эрдэнэбаярын бүтээл "Бумбардай Аргалд явсан нь" хүүхдийн зурган ном Гранпри шагнал хүртэж байв.

Ж.Болор

Related news