МАН МАХН-ын ажлын хэсэг сонгуульд эвсэхээр санал нэгдсэнээ мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭМАХН болон МАН УИХ-ын болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгуульд эвсэл болж оролцох ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
МАН-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Улаан, "УИХ-ын сонгуульд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25. МАН тойрогт 33, жагсаалтад 18 нийт 51 хүнийг тус тус нэр дэвшүүлнэ. Хоёрдугаарт, хариуцлагаа хамтдаа үүрч, амласан амлалтаа тууштай биелүүлэх, эвслийг бат бэх байлгах, тогтвортой ажиллуулах зорилгоор УИХ-ын дарга Ерөнхий сайдыг квотоос гадуур хоёр нам ээлжлэн нэр дэвшүүлнэ гэдэг зарчим тохиролцсон. Квот гэдгийг юу гэж ойлгож байна вэ гэхээр Монголын ард түмэн МАН МАХН-ын эвсэлд санал өгч ялалт байгуулсан тохиолдолд УИХ болон Засгийн газрын бүрэлдэхүүний сонгуулийн бодит дүнг үндэслэж хуваарилна гэсэн зарчмыг барьсан.
Орон нутгийн сонгуульд эсвэл болж оролцоно. Эвсэл болж оролцохдоо 2012 оны тухайн орон нутгийн сонгуулиар намуудад өгсөн санал, ИТХ дахь суудлын тоог харгалзан тухайн орон нутгийн намын байгууллагууд гэрээнд харилцан тохиролцоно гэсэн заалтыг оруулсан. Үүний зэрэгцээ ИТХ-ын дарга, Засаг даргын асуудал хөндөгдөнө. Энэ бол сонгуулийн үр дүн дээр үндэслэж шийдэгдэнэ.
Эвслийг удирдаж орох асуудал мөн яригдана. Эвслийн удирдах зөвлөл нь 50х50-ын харьцаатай байна. Эвслийн тэргүүн нь МАН-аас байна. Харин Удирдах зөвлөлийн дарга нь МАХН-ын дарга байна гэж ойлголцсон. Дараагийн асуудал бол ажлын хэсгүүд гарсан үр дүнгээ өөрийн намын төлөөллийн байгууллагад танилцуулах үүрэг хүлээж байна" гэв. Тэрбээр цааш хэлэхдээ" Улсын эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа ийм нөхцөл байдалд МАН МАХН улс төрийн хариуцлагаа өндөржүүлж энэ сонгуульд ялахаас өөр аргагүй боллоо. Ингэж байж улс орны эрх ашиг, ард түмний нийтлэг эрх ашиг хангагдана гэж үзэж энэ гэрээ хэлцлийг хийсэн. Үүнээс гадна улстөрийн бүр төрлийн хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө хамтарч ажиллана" гэдгээ мэдэгдэв.
МАХН-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Улаан, "2016 оны УИХ болон нийслэл, аймгийн ИТХ-ыг сонгох сонгуульд хоёр нам эвсэж орох боллоо. Ажлын хэсэг эхний хурлаараа шийдэх ёстой асуудлынхаа хүрээг тодорхойлсон. Арван удаагийн уулзлалт ярилцлагаар зарчмын тохиролцоонд хүрлээ.Эцсийн шийдвэрийг хоёр намын удирдах дээд байгууллагууд гаргана. Үүний дараа эвслийн удирдах байгууллагуудыг байгуулж, мөрийн хөтөлбөрийг гаргаж Үндэсний аудитын газарт өгнө. Хоёр нам эвсэж сонгуульд оролцох нь амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлж байна. Цаашдаа хоёр нам нэгдэх асуудал яригдана. Тиймээс том ажлын эхлэлийг тавилаа гэж үзэж байна. Тохиролцсон асуудлуудыг тусган эвслийн гэрээ байгуулна. Гэрээнд ажлын хэсэг дээр ойлголцсон асуудлууд орно” гэлээ.
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Эвслийн гэрээ хэзээ байгуулагдах вэ?
Ч.Хүрэлбаатар: -МАН-ын бага хурал хуралдаж байгаа. Маргааш МАХН-ын төлөөлөх байгууллага хуралдана. Бага хурал дээрээ асуудлаа хэлэлцээд, хамтарч орох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ. Энэ сарын 20-ноос өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлнэ. Тиймээс энэ сарын 20-ны дотор бүх шийдвэр гарсан байх ёстой.
Ч.Улаан: -Сонгуульд орох нам, эвсэл дөрөвдүгээр сарын 30-нд СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Үүнээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 20-ны дотор эвсэж орох эсэхээ шийдэж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж, аудитын газар өгсөн байх ёстой. Маргааш манай бага хурал болно. Ажлын хэсгүүд мөрийн хөтөлбөр боловсруулах тал дээр өнгөрсөн жилээс ажиллаж, ард иргэдээс санал асуусан. Цаг хугацаанд нь шийдэх бүрэн бололцоотой.
-Жагсаалтын дарааллыг нь яаж харгалзах вэ?
Ч.Хүрэлбаатар: -Дарааллыг хэрхэн жагсаах талаар ярилцсан. 3:1 гэж тусгаж явахаар тохирсон.
Ч.Улаан: -Ажлын хэсгийн түвшинд шийдвэр гаргах хүрээнд ярьсан. Нэг бүрчлэн ярих бололцоо байхгүй. Бүтцүүд байгуулагдаад явахад арга механизмыг нэг бүрчлэн шийдвэрлэх боломж бүрдэнэ. Суурь зарчим дээр үндэслээд нэг бүрчилсэн асуудлаа тохироод явна.
-Эвлийн нэрний тухайд ярилцсан болов уу?
Ч.Хүрэлбаатар: -Эцсийн байдлаар тохирсон зүйл байхгүй. Гэхдээ ярилцсан хувилбарууд бий.
Ч.Улаан: -Ярилцсан, санал нэгдсэн зүйл ч байгаа. Намын удирдах дээд байгууллага, шийдвэр гаргах байгууллагадаа бид саналаа оруулж байгаа.