Эрүүл мэндийн асуудлаар олон улсын хурал зохион байгуулахаар санал нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-16 18:32:32

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У тэргүүтэй Ази Номхон далайн баруун бүсийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Өнгөрсөн хугацаанд аймгийн хүн амын эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулах, Дархан хотыг эрүүл хот болгохын төлөө ДЭМБ хүчин чармайлт тавин ажиллаж ирсэнд аймгийн Засаг дарга талархал илэрхийллээ.

Мөн үеэр ДЭМБ, Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн Эрүүл Мэндийн газар хамтарч  “Эрүүл  хот” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн тухай талууд онцлон тэмдэглэв. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга А.Энхболд хэлэхдээ:-“Бид иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгоход түлхүү анхаарч амьдралын зөв дадал хандлагатай болгох нь юу юунаас чухал. Улсын хэмжээнд улаанбурханы өвчлөл их байна. Миний бие аймгийн хэмжээнд энэ өвчлөлийн дэгдэлтийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй танилцаад хүүхдийн болон яаралтай тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөн. Бид цаашдаа ард иргэддээ эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг “Өрхийн эрүүл мэндийн төв”-үүдийг орчин үеийн техник хэрэгслээр хангах шаардлага байна. Бид хэдхэн хоногийн өмнө эдийн засгийн форумыг аймагтаа анх удаа зохион байгуулж аймаг, орон нутгийн  хөгжлийн хандлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсын төвшинд гэрээ хэлэлцээр байгуулсан. Магадгүй бид эрүүл мэндийн форумыг та бүхэнтэй хамтран зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн чиглэлийн судалгаа, шинжилгээг хийж нотолгоонд суурилсан анагаах ухааны бодлогуудыг боловсруулан гаргаж ажиллах боломж бий эсэхийг судлаж үзэх хэрэгтэй байх” гэв.

Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд Эрүүл мэндийн тогтолцооны асуудлаар олон улсын хурал зохион байгуулах саналыг хэлэхэд ДЭМБ-ын суурин төлөөлөгч маш таатайгаар хүлээн авч байгаагаа мэдэгдээд ирэх жилийн зуны эхэн сард буюу хот бүхэлдээ ногоорох үед зохион байгуулъя гэлээ. Тэрбээр:-“Дархан-Уул аймаг 1996 оноос “Эрүүл хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2010 оноос ДЭМБ-тай хамтарч сургалт семинарыг зохион байгуулж ирсэн. Бид бусад аймаг хотуудад очих бүртээ Дархан хотыг жишээ болгон ярьдаг гэж хэллээ.

Мөн ДЭМБ-ын Ази номхон далайн баруун бүсийн байгууллагын төлөөлөгчдийг “Эрүүл хот” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцуулахаар дагуулж ирсэнээ дурдав. Уулзалтын төгсгөлд Дархан хотыг эрүүл хотын жишгээр хөгжихөд болон анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулснаар эрүүл мэндийн системийг бэхжүүлэхэд нягт хамтран ажиллаж ирсэн ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг Дархан-Уул аймгийн дээд шагнал “Найрамдлын Дархан” тэмдгээр шагнасан юм. Доктор Су Нюунт-У нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин Төлөөлөгчөөр 2012 оны 11 дүгээр сараас ажиллаж байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт-У тэргүүтэй Ази номхон далайн баруун бүсийн байгууллагын төлөөлөгчид Дархан хотод ажиллах хугацаандаа аймгийн Эрүүл Мэндийн газар, эрүүл мэндийг дэмжигч байгууллагууд, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

                                                                            Б.Норовсамбуу

 

 

Related news