Нэгдсэн Эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд тус аймагт Улаанбурханы дэгдэлт ихэссэнтэй холбогдуулж “Дэлхийн зөн” ОУБ-д тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх хүсэлтийг сарын өмнө тавьсан юм.
Тус байгууллага нь хүсэлтийг хүлээн авч хүчил төрөгч өтгөрүүлэгч, даралтын аппарат, зүрхний бичлэгийн аппарат зэрэг таван төрлийн 12 сая 300 мянган төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг аймгийн Нэгдсэн Эмнэлэгт бэлэглэв. Өмнө нь аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээнд нэн шаардлагатай байсан 21 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Засаг дарга А.Энхболд аймгийн Эрүүл Мэндийн газарт хүлээлгэж өгсөн. Ингэснээр монитор, памп, амбуу, хүчил төрөгчийн өтгөрүүлэгч аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдийг Улаанбурханаар өвдсөн бага насны хүүхдүүдийн эмчилгээнд ашиглаж тодорхой үр дүнгүүд гарч байгаа тухай аймгийн Нэгдсэн Эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга ярилаа.
Энэ сарын 15-ны байдлаар тус аймагт дээрх өвчний 1761 тохиолдол бүртгэгдсэн. Нэгдсэн Эмнэлгийн Халдвартын Эрчимт эмчилгээний тасагт 0-9 сартай найман хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Улсын Онцгой комиссоос ирэх сарын 5-15-ны өдрүүдэд 18-30 насны хүмүүсийг Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсоны дагуу аймгийн хэмжээнд нэмэлт дархлаажуулалтад 23681 хүнийг хамруулахаар болжээ.
Б.Норовсамбуу