Эмнэлэг сургуульд хандивласан барааг гааль, НӨАТ-аас чөлөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн хөрөнгөөр санхүүждэг төрийн байгууллагууд ихэнх тохиолдолд хандив тусламжийн бараанд ногдох татварын зардлыг төсвийн төлөвлөгөөндөө тусгадаггүйгээс өөрийн батлагдсан төсвөөс татварын зардлыг гаргах боломжгүй байдаг. Ингэснээр гадны байгууллагын хандивласан хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг авч чадахгүйд хүрдэг байна. Иймээс эмнэлэг, бүх шатны боловсрол, соёлын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад хариу төлбөргүйгээр өгсөн барааг албан татвараас чөлөөлөх асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл гишүүн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын О.Баасанхүү төр ганц салбарт хөнгөлөлт үзүүлье гэсэн алагчлалын бодлого явуулдаг байж болохгүй. Үүний оронд татварын тэгш зарчмыг барьж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "Хуулийг төслийг дэмжиж байна. Эмнэлэг сургуулиудад шаардлагатай тоног төхөөрөмжийг эдийн засгийн нөхцөл байдлын улмаас хангаж чадахгүй байна. Ялангуяа, эмнэлгийн тоног төхөөрөмж асар их өртөг өндөртэй байдаг. Иймээс хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах нь зүйтэй. Гэхдээ хуулийн заалтыг нэлээн өргөн хүрээнд авч үзэж батлах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Бизнес эрхлэгчид, иргэд уг хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулж олон санал ирүүлж байна. МАН-ын бүлгийн 10 гаруй гишүүн гааль, НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулахаар төслөө өгсөн байхад зөвхөн нэг талыг барьсан хуулийн төсөл ороод ирлээ. Нэгэнт л цаг зав зарцуулж байгаагийн хувьд татварын өөрчлөлтийн асуудлыг багцаар нь хэлэлцвэл зохистой байна. Энэ бол өнөөдрийн тулгамдсан асуудал биш. Өнөөдрийн тулгамдсан асуудал бол хямралаас яаж гарах вэ гэдэгт асуудлын гол нь байна. Бизнес эрхлэгчдээс дэвшүүлж буй асуудлуудыг хамтатгаад хуулийн төслөө хамтатган хэлэлцэе. Хэсэгчилсэн байдлаар хэлэлцүүлэг явуулах шаардлага байна уу" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд нэг улирал өнгөрч байна. Тодорхой үр дүн ч гарч байна. Гэтэл энд тэндээс нь өөрчлөлт оруулах хэрэг байна уу. Монгол Улс өнөөдөр орлогогүй улс болсон. Энэ үед гааль, НӨАТ-аас чөлөөлье гэдэг салбарын лобби орж ирэх болсон. Орлого бол улс яаж хөгжих вэ. Чөлөөлөх бараагаа чөлөөлж, хуулиа төгөлдөржүүлэхгүй хууль эрэмдэг болох нь" гэсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгийн зүгээс тусламж үзүүлж байгаа гадны байгууллага нь төрийн болон хувийн хэвшлийн аль ч байгууллага байж болно. Харин тусламжийн техник, тоног төхөөрөмж, бараа авч байгаа манай талын байгууллага нь төрийн байгууллага байна. Ашиг олох зорилготой бол гааль, НӨАТ-аас чөлөөлөхгүй гэсэн тайлбарыг өгч байв.
Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад 83.3 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Б.Туул