“Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя” өдөрлөгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-ний пүрэв гарагт чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
тохионо. Энэ өдрийг тохиолдуулан "Цээнэ" эмнэлэг, "Дархан Мөнхийн" үсэг ХХК, "Энхийн
тун" эмийн сан, "Мөнх ундрам" хүнс ХХК, "Цогзолбоо" студи хамтран нийтэд зориулсан
урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус үйл
ажиллагааны талаар өнөөдөр хэвлэлийнхэн мэдээлэв.
Тодруулбал тухайн өдөр "Цээнэ" эмнэлэгт өглөө 08.00 цагаас
цусанд сахар тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй
хийх аж.
Харин “Энхийн тун” /Дарханчуудын хэлж сурсанаар 28-ын аптек/ эмийн
сан чихрийн шижингийн үеийн эрүүл мэндийн биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг 10
хувийн хөнгөлөлттэй худалдаалж, зөвлөгөө, мэдээлэл, эмийг хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа өгөх аж. "Мөнхийн үсэг" ХХК-аас чихрийн шижингийн үеийн хяналтын картыг иргэдэд олгох бол “Мөнх-Ундрам хүнс” ХХК чихрийн шижингийн үеийн эрүүл
зөв хооллолтын мэдээлэл хийж зохистой бүтээгдэхүүний амталгаа явуулах ажээ. Хөдөлгөөн бол эрүүл мэнд гэдэгчилэн тус үйл
ажиллагаанд “Цогзолбоо” студи хамтран оролцож байгаа бөгөөд чихрийн
шижингийн үеийн дасгал хөдөлгөөнийг өөрийн байрандаа үнэ төлбөргүй заах зэрэг бүтэн өдрийн турш цогц үйл
ажиллагааг олон газар явуулахаар
төлөвлөжээ.
Тиймээс чимээгүй тахал, чимээгүй үхэл гэж хэлэгддэг чихрийн шижингийн эсрэг дан ганцаараа бус гэр бүлээрээ урьдчилан сэргийлж, эрүүл амьдралыг хэвшүүлэхийг зохион байгуулагчдаас уриалж байна.