"Хүүхдээ сонсох өдөр"-ийн хүрээнд багууд бага чуулганыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-06 09:45:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн 1-ний өдрийг "Хүүхдээ сонсох өдөр" болгосон. Энэ өдрийн хүрээнд 18 багийн хэмжээнд хүүхдийн бага чуулганыг зохион байгуулжээ.

Багуудад бүсчлэн явуулсан бага чуулганд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар, Цагдаагийн газрын албан хаагчид, багийн хүүхдийн элч нар, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд болон ЕБС-ийн сурагчдын төлөөлөл оролцсон байна. 
Энэ үеэр хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлаар харилцан ярилцаж
, тэдний санал бодлыг сонсчээ. Тухайлбал Дархан сумын 4,5,8, Өргөө болон 6,7-р багийн хүүхдүүд анги танхимын ширээ сандал хүрэлцээгүй, сургууль, цэцэрлэгийн орчны гэрэлтүүлэг, камержуулалт дутмаг зэргээс шалтгаалан аюулгүй, ая тухтай орчинд суралцах эрх нь зөрчигддөг. Иймд шийдвэр гаргах түвшнийхнийг дээрх асуудалд анхаарлаа хандуулж өгөхийг хүссэн юм. 

Мөн хүүхдүүдийн дунд үүсдэг харилцаа хандлагын асуудлыг хөндөж байлаа. Ялангуяа өсвөр насныхны дунд нэгнээ гадуурхах байдал цөөнгүй гардаг тул үүнд багш, эцэг эхчүүд болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхан анхаарч, хүүхдийн сэтгэл зүйд чиглэсэн эерэг үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай гэдэг саналыг гаргаж байлаа. Хүүхдүүдээс амаар болон бичгээр ирүүлсэн бүх саналыг нэгтгэн аймаг сумын ИТХ, Засаг дарга нарт уламжлах аж.

Related news