Хуулийг сайн дураараа сахин биелүүлэх соёлыг хэвшүүлэх хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-20 14:22:04

Хэнтий /МОНЦАМЭ/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газраас “Хэрэглэгч, бизнес эрхлэгчид хуулийг сайн дураар сахин биелүүлэх соёлыг хэвшүүлэх арга зүй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. 

Хэлэлцүүлэгт тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон ААН-үүдийн төлөөлөл болох 80 гаруй иргэн хамрагдаж, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг баталсан. Энэ тогтоолын хүрээнд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага бүхэн дотоод хяналтаа үр дүнтэй, бодитой, шударгаар зохион байгуулж, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг өөрсдөө хариуцдаг байхаар шийдвэрлэжээ.

Нөгөө талаас хэрэглэгч зах зээлээс сонголтоо зөв хийснээр худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнээс үүсч болох аливаа эрсдэлийг тооцож, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаалж чадах юм.

Өөрөөр хэлбэл Төр нь эрсдэлд суурилсан хяналтаа хэрэгжүүлж, бизнес эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага бүхэн дотоод хяналтаа сайжруулж, иргэн бүр зах зээлээс сонголтоо зөв хийж хамтарч ажилласнаар аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж. 

Related news